Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ээр тусгасан аж.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ талаар “Монгол Улсын Их хурлын даргад “Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчилж байгаа.
Дээд боловсролын тогтоцоо болон мэргэжлийн боловсролын тогтолцоонд маш том гажиг гарсан. Товчхондоо, дээд боловсролын тогтолцоо мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан гэж хэлж болно. Улмаар ажилгүйдэл, ядуурал гүнзгийрч байна. ЕБС төгсөгчдийн 95 хувь нь дээд боловсрол эзэмшдэг улс орон гэж дэлхийд байхгүй. ЕБС төгсөгчдийн 30-40 хувь нь дээд боловсрол эзэмшдэг байх нь зөв тогтолцоо. Тиймээс энэ тогтолцооны гажгийг арилгах зайлшгүй шаардлагатай байна. Учир нь их дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд нэг ажлын байр оногдож байна. Харин техникийн боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн олонх нь шууд ажлын байранд шилжиж байна.
Түүнчлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай шинэ хуулиар санхүүжилтийг нь өөрчлөхөөр тусгасан. Өмнө нь суралцагч бүхэнд сар бүр 200 мянган төгрөг олгодог байсан. Үүнтэй холбоотойгоор ЕБС болон их дээд сургуулийн сурагчдын нэр, регистрийн дугаарыг хуурамчаар МСҮТ-д бүртгэж хувьсах зардал авдаг байсан нь тогтоогдсон. Тиймээс энэ асуудлыг хална. Мөн 200 мянган төгрөг сар бүхэн олгодог байсныг өөрчилж, сургуулиа төгсөхөд нь нэгдсэн байдлаар олгохоор шийдвэрлэсэн. Нэг хүүхдэд 5-8 сая төгрөгийн хуримтлал үүснэ гэсэн үг. Тиймээс хүүхдүүд сургуулиа төсгөөд, өөртөө ажлын байр бий болгох боломж нээгдэнэ.
Түүнээс гадна МСҮТ, политехникийн коллежийн суралцаггч дээд боловсролын байгууллагад шатлан суралцах боломжтой болно. Мөн 2.5 жилийг гурван жил болгож байгаа. Учир нь хүүхдүүд 2.5 жил суралцаад төгссөн ч хөдөлмөрийн насанд хүрээгүй гэх шалтгаанаар шууд хөдөлмөр эрхлэх боломж хомс байдаг. Тиймээс гурван жил суралцах нь зүй гэж үзсэн” гэв.