Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт болж байна. Хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудтай үе шаттайгаар уулзалт зохион байгуулж буй. Энэ удаагийн уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон холбогдох албаны төлөөлөл оролцож, 2022-2023 оны хичээлийн жилд хамтарч хийж хэрэгжүүлэх ажил, бодлого, шийдвэрийн талаар хэлэлцэв.
Өнөөдрийн байдлаар 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд 1 ажлын байр байгаа бол мэргэжлийн боловсрол төгсөгч 6 хүүхдийн дунд 1 ажлын байр бий. Иймд дээд боловсролын чанар, тогтолцоог сайжруулах чиглэлээр ирэх хичээлийн жилд хамтарч ажиллана гэдгийг БШУ-ы сайд онцлов.
2022-2023 оны хичээлийн жилд БШУЯ, БЕГ, дээд боловсролын сургалтын байгууллагууд хамтарч хэрэгжүүлэх ажлууд:
– Дээд боловсролын тухай хуулийг батлуулж, эрх зүйн шинэчлэлийг хийх. Хууль бол шинэчлэлийн 10 хувь байдаг тул хэрэгжилтэд дээд боловсролын багш, удирдлагуудын оролцоо их юм
– Удирдлага, зохион байгуулалт, чанарын баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах
– Дээд боловсролын багшид үнэлгээ хийх тогтолцоог бий болгох
– Сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх. Сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолборыг хөгжүүлж, шинжлэх ухаанд суурилсан дээд боловсролын тогтолцоотой болно.
Дээд боловсролын багшийн хөгжлийн чиглэлээр:
– Багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо, менежментэд үнэлгээ хийх, сайжруулах
– Багшлахуйн болон сургалтын технологийн ур чадварыг нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулахад чиглүүлэх
– Багшийн судалгаа, инновацийн мэдлэг, ур чадвар дэлхийн жишигт хүргэх арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг дэмжих
– Багшийн төлөвшил, нийгмийн үйлчилгээ, хамтын ажиллагааны ур чадварыг бэхжүүлэх ажил, арга хэмжээг чиглүүлэх ажлуудыг хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.