-Бага ангийн багшаар 31 оюутан төгсөхөд О.Гантүшиг ангидаа ганцаараа эрэгтэй байжээ-
“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Эх хүн биеэ хувааж үрээ төрүүлдэг бол багш хүн ухаанаа хувааж шавиа төрүүлдэг гэдэг. Бага наснаас нь эхлэн хүнийг урлаж, хүн болгодог дархан хүн бол яах аргагүй бага ангийн багш юм. Гэтэл бид бага ангийн багш гэхээр заавал эмэгтэй хүнээр төсөөлдөг. Тэгвэл бодит байдал дээр ч эмэгтэй хүмүүс байх нь элбэг байдаг. Мөн манай улсад сүүлийн жил бага ангийн багшаар 35110 багш ажиллаж байна. Үүний 10 хүрэхгүй хувь нь эрэгтэй багш байдаг байна. Өнгөрсөн жил МУБИС-ийн бага ангийн багшийн сургуулийн 1-4 курсийн нийт 1500 гаруй оюутнаас 20 орчим нь эрэгтэй оюутан байжээ. Нийгэмд эрэлттэй мэргэжил боловч хүмүүсийн буруу хандлагаас болж сургуулиа орхиж буй оюутнууд ч бас байдаг. Уг нь МУБИС-д онооноосоо хамааран 70-100 хувь хүртэл хөнгөлөлттэйгөөр бага ангийн багш мэргэжлээр сурах боломж байдаг билээ. Тэгвэл 14 дүгээр сургуулийн хувьд бага ангийн гурван эрэгтэй багштай. Түүний нэг нь О.Гантүшиг юм. Тиймээс энэ удаагийн буландаа ЕБС-ийн эрэгтэй бага ангийн багшийн төлөөлөл болох 14 дүгээр сургуулийн багш О.Гантүшигийг онцолж байна.
БАГА АНГИЙН БАГШ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МЭРГЭЖИЛ ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙСАН
Эрэгтэй хүүхэд бүр л инженер эсвэл цэрэг, цагдаа болох мөрөөдөлтэй байдаг. Харин манай энэ удаагийн зочин О.Гантүшиг багаасаа л бага ангийн багш болох мөрөөдөлтэй байжээ. Тиймээс тэрбээр 2015 онд МУБИС-ийн бага ангийн багшийн сургуульд элсэж орсон байна.Түүнийг мэргэжлээрээ сурч байх үед ангид нь 32 хүүхэд сурч байснаас хоёр нь эрэгтэй хүүхэд байжээ. Хамт сурч байсан эрэгтэй оюутны хувьд сургуулиа дундаас нь орхисон байна. Харин О.Гантүшиг багаасаа мөрөөдөж байсан мэргэжил учраас “орхих тухай бодол” орж ирж байгаагүй гэж байв. Гэхдээ түүнийг бага ангийн багш мэргэжлээр сурч байгааг найзууд болон ангийнхан нь буруугаар ойлгох нь элбэг байжээ. Тухайлбал, олон эмэгтэйчүүдтэй сурч байгаа учраас эмэгтэйлэг болно. Сургууль авч чадаагүй болохоороо энэ мэргэжлийг сонгосон юм уу, эмэгтэй хүний мэргэжил сонгосон гэх зэргээр хэлэх тохиолдол гарч байв. Харин түүний хувьд хамаатны хүмүүс дунд нь бага ангийн эрэгтэй багш байсан учраас эрэгтэй хүн энэ мэргэжлийг эзэмшиж болдог гэж боддог байжээ. Гэхдээ тэрбээр “Оюутан болоод анхны хичээлдээ суух гэж ороод бүх хүүхдүүд эмэгтэй байсанд маш их гайхаж, сандарсан. Хаана суухаа ч мэдэхгүй эсвэл анги андуурсан юм шиг мэдрэмж төрж байсан. Мөн бага ангийн багшийн мэргэжил гэдэг эмэгтэйчүүдийн мэргэжил юм шиг санагдаж байсан” гэв.
БАГШИЙН МЭРГЭЖИЛ БОЛ УЛС ТӨР, ЦАГ ҮЕИЙН ЯМАР Ч НӨХЦӨЛД БАЙР СУУРЬ НЬ ГАНХДАГГҮЙ
Бага ангийн багшийн мэргэжил нийгэмд эрэлт хэрэгцээ ихтэй. Түүнчлэн жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор сургуулиуд эрэгтэй багш авах сонирхолтой байдаг. Тиймээс сургуулиа төгсөөд 2019 онд БЗД-ийн Улсын тэргүүний, лаборатори 14 дүгээр сургуульд ажилд оржээ. Энэ тухайгаа О.Гантүшиг “Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллана гээд шууд ажил хайж эхэлсэн. Зар харж байгаад 14 дүгээр сургуультай холбогдож шалгалт өгөхөөр болсон. Шалгалтандаа тэнцэж төгссөн жилдээ ажилд орсон. Энэ сургуулийг сонгох шалтгаан маань байршил нь манай гэрт ойр мөн улсын тэргүүний, лаборатори сургууль байсан. Манай ангийн хүүхдүүд энэ жил дөрөв дүгээр ангид орно. Сургуулийн ажилчид найрсаг, ажлын байрны дарамтгүй. Мөн ур чадвар сайтай багш нартай хамт ажиллаж байна” гэсэн юм. Түүнчлэн бага ангийн багш нь эрэлттэй мэргэжлүүдийн нэгээс гадна улс төр, цар тахлын ямар ч нөхцөлд ажлын байр нь ганхдаггүй. Мөн зөвхөн эмэгтэйчүүдийн мэргэжил биш юм гэдгийг тэрбээр яриандаа онцолж байсан юм.
БАГА АНГИЙН БАГШИЙНДАА СУУДАГ БАЙСАН НЬ ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХОД ХҮРГЭСЭН
О.Гантүшиг Дорноговь аймгийн Хатанбулаг суманд малчин айлын том хүү болон мэндэлжээ. Түүнийг сургуульд ороход сумын төвд таньдаг айл байгаагүйгээс ангийн багшийндаа амьдарсан байна. Энэ нь түүнийг өдгөө бага ангийн багшийн мэргэжлийг сонгох гол хүчин зүйл нь болсон байна. Энэ тухай “Би хөдөөний хүүхэд. Сургуульд орох үед сумын төв дээр суух айл байхгүйгээс болж 1-3 анги хүртлээ бага ангийн багшийндаа амьдарсан. Багшийгаа маргаашийнхаа хичээлээ бэлдэхэд нь тусладаг байсан. Тодруулбал, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг бэлдэлцэх, нааж өгөх, хайчлах зэргээр тусалдаг байсан. Мөн багш маань хүүхэд бүрийг ялгалгүй сайхан харьцдаг байсан. Тиймээстэр үеэс “яг л ийм багш болох юмсан” гэж бодож багш гэдэг мэргэжилд дурласан даа” гэв. Багшийн мэргэжилтэй ойр өссөн тухайгаа ч ярьж байв.Мөн Монголын ирээдүйг бэлтгэж байна гэж бодож мэргэжлээрээ бахархдаг ажээ.
Д.БЯМБАСАН: ЭРЭГТЭЙ БАГШТАЙ ХҮҮХДҮҮД САЙН ТӨЛӨВШИЖ ЧАДДАГ
Эрэгтэй хүн бага ангийн багш байх нь ямар давуу болон сул талтай байдаг талаар тус сургуулийн туршлагтай багшийн төлөөлөлөлөөс асуусан юм. Энэ тухай 14 сургуулийн бага ангийн багш Д.Бямбасан 22 жил боловсролын салбарт ажилласан түүний хувьд “Сүүлийн жилүүдэд эрэгтэй бага ангийн багш гэж байхаа больсон. Энэ нь хүйсийн тэгш байдал алдагдахаас эхлээд учир дутагдалтай талууд ихтэй. Харин эрэгтэй багштай хүүхдүүдийн хувьд давуу тал ихтэй. Тухайлбал, сайн төлөвшиж чаддаг. Үймүүлэх, элэг барих асуудал үүсддэггүй. Мөн эрэгтэй хүний хувьд бүтээлч сэтгэлгээ өндөр. Цөөн үгээр юмыг ойлгуулахдаа сайн. Анхнаасаа аливаа зүйлийг нямбай хийгээд сурчихвал тэр хэв маягаа алддаггүй. Хүүхдийн ялгаатай байдал дээр тулж ажилладаг. Гоо зүйн талаас болон амьдралын түвшингээр ялгах асуудал эрэгтэй хүмүүсийн хувьд байдаггүй зэрэг давуу тал ихтэй” гэв.
ЭЦЭГ ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ Н.ОТГОНБАЯР: ААВ НАР ХАРЬЦАХАД АМАР БАЙДАГ
-Миний хувьд таван хүүхэдтэй аав. Манай дөрөв дэх охин О.Гантүшиг багшийн ангид сурдаг. Бусад хүүхдүүдийн хувьд дандаа эмэгтэй багш нартай. Эрэгтэй багштай байх нь нарт харьцахад амар байдаг. Мөн эрэгтэй хүмүүс гадаад үзэмжинд ач холбогдол өгдөггүй. Зөвхөн сурлагад л анхаардаг нь эмэгтэй багшаас давуу талтай гэж харж байна. Мөн хүүхэд ялгаж харьцдаггүй. Тухайлбал О.Гантүшиг багшийн ангид хоцрогдолтой хүүхэд байдаггүй. Их зарчимч. Харин О.Гантүшиг “бага ангийн хүүхдүүд бол цэв цэвэрхэн цаастай адил. Бүх юм нь үнэн бас үнэнч байдаг. Тиймээс ямар ч стресс бухимдалтай хүн бага ангийн хүүхдүүдтэй 30 минут хамт байхад тэрхүү стресс арилдаг. Ийм л сайхан энергитэй газар ажиллаж байна. Өдөр ирэх тусам чадваржиж, мэргэжилдээ дурлаж байна”гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин