УИХ-ын ТББХ-ны гишүүүд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр сайд нарын томилгоотой холбоотой дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Боомттой холбоотой асуудлыг ажлын хэсгийн түвшинд авч явж байна. Ажлын хэсэг гэдэг бол зөвхөн албан тушаалтнууд хоорондоо хуралдах байдлаар асуудлыг авч явж буй. Боомттой холбоотой экспортын гарцыг нэмэгдүүлэх салбар эзэнгүй байна гэж дүгнэж болох талтай. Тэр агуулгаар ЗГХЭГ-ын түвшний Монгол Улсын сайд, боомтын асуудал хариуцсан үндэсний хорооны дарга гэдэг функт шаардлагатай байна. Цаашилбал, боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд дунд салбарын уялдаа холбоог хангах байгууллага зайлшгүй хэрэгтэй байна гэж үзсэн.
Мөн нийслэлийн авто замын түгжрэлтэй холбоотой асуудал Монгол Улсын хэмжээний асуудал болсон. Нутаг дэвсгэрийн 0.3 хувьд хүн амын 50-иас дээшгүй хувь төвлөрсөн. Хуульдаа ч түгжрэлтэй холбоотой зохицуулалт байхгүй. Засгийн газрын түвшинд төвлөрөлтэй холбоотой асуудал орхигдож ирсэн. Энэ агуулгаар салбар дундын асуудлыг шийдвэрлэх Засгийн газар бүтэн цагаар ажиллах нь зүйтэй. Бусад салбар, хот хөдөөгийн хөгжил, татварын асуудлыг цогцоор нь авч хэлэлцэнэ.
Нэг үгээр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгдүгээр яам болгоно. Тус яам бүх яамыг нэгдсэн бодлогоор зохион байгуулах, эхэлж бодлогоо төлөвлөөд, түүнийг Сангийн яам санхүүжүүлэх байдлаар явна.
Засгийн газрын түвшинд Сангийн яам төсөв бүрдүүлэх талаас нь хардаг сул талтай. Эдийн Засгийн яам бол ДНБ, эдийн засгийг яаж тэлэх вэ, төр хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн сайжруулах вэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын түвшинд яригдаж буй 47 төслийг хэрхэн эрчимтэй урагшлуулах вэ, салбар дундын уялдааг хэрхэн хангах вэ гэх агуулгаар явах шаардлагатай.
Цахим хөгжлийн яам байгуулагдаад сайд нь томилогдож байна. Төрийн албаны анхан, дунд шатны уялдаа холбоо алдагдаж байгаа зэрэг асуудлаар тус яамны чиг үүрэгт өөрчлөлт орох шаардлагатай.
Мөн Боловсролын яаман дээр хоёр том чиг үүрэг байсан. Соёлын салбар яам болж амжилттай ажиллаж байна. Харин спортын салбар үндсэндээ орхигдсон. Боловсролтойгоо илүү уялдах, зөв хооллолтоос авахуулаад нэгдсэн бодлогоор зохицуулах ийм бүтэц байдаггүй. Ерөнхий сайд олон асуудал руу ордог. Ийм үзэл санаанаас олимпизмыг ахлах салбар байх нь чухал. Нөгөө талдаа Ерөнхий сайд дээр байдаг Үндэсний хороог яамдад өгөх нь илүү үр дүнтэй. Цаашдаа Ерөнхий сайдын ачааг багасгаж, илүү томоохон бодлого, экспортын асуудалд цагаа зарцуулах боломжтой байх нь улсын эрх ашигт нийцнэ” гэлээ.
Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Боомтын сэргэлтийн асуудал нэг номерын асуудал. Ялангуяа худалдаа эрхлэгчдийн асуудал бүр орхигдсон. Тэр дундаа аж ахуй эрхлэгчдийн уулзалт болоход Сангийн яам хэзээ ч худалдааны асуудалд анхааралд хандуулж чадахгүй. Үүрэг нь тийм учраас. Боомтын сэргэлт хариуцсан хүн худалдааны асуудлыг хэрхэн хариуцах вэ. Боомтын сэргэлт хариуцсан асуудал сайдын асуудал орж ирэх үү. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхгүйгээр Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал Барилга, хот байгуулалтын яам, нийслэл хоёрын хооронд орхигдсон. Гэр хорооллыг өөр түвшинд онцгой анхаарна гэж хэлж байсан. Үүнийг хэрхэн бодолцож байна вэ?
-УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Нийгэмд тодорхой талцлыг тэр дундаа АН-ын гишүүд дотроос засагт урих тухай асуудал бий. 1997 оноос хойш долоон удаа хамтарсан Засгийн газар байгуулагдаж, 4 нь олонх болоогүй тохиолдолд хамтраад явж байсан. Гурав нь стандарт бус шийдвэр гаргаж, хамтарч Засаг байгуулж байсан. АН-ын гишүүдийг засагт оруулж ажиллуулъя гэдэг яриа яваад байна. Ямар салбарт нь яаж ажиллах юм бэ. АН-ын гишүүд дотор маш их хуваагдал бий болгож байна. Нэг болохоор хамтарсан засагт оруулах тухай манай бүлгийн дарга яриад байдаг. Гэтэл танай бүлгийн дарга АН-тай ярьсан зүйл байхгүй гэж ярьж байгаа нь асуудалд итгэлтэй хандах боломж өгөхгүй байна.
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Энэ цаг үе бол амаргүй цаг үе. Бүх боомт 30-40 хувийн алдагдалтай байна. Цар тахал тогтворжсон ч ОХУ-д дайны нөхцөл байдал үүссэн. Үүнээс улбаалаад түлш шатахуун, уул уурхайн тэсэлгээний бодис, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой амаргүй асуудал үүсч байна. Гарах гарц нь “Шинэ сэргэлтийн бодлого”. Зөвхөн МАН гэхгүй уг бодлогыг дэмжиж байгаа аль ч нам, хөрөнгө оруулагчтай идэвхтэй хамтран ажиллана. Гэхдээ хамтарсан Засгийн газрын асуудлаар албан ёсоор Удирдах зөвлөлд ярьсан зүйл байхгүй. Ерөнхийлөгч илүү эв нэгдэлтэй том төслүүдээ анхаарах тал дээр улс төрөөс илүүтэй анхаарах цаг үе хэмээн сануулж хэлж байна. Тиймээс үнэхээр урагшилна гэвэл том төслүүдэд улс төрийн ямар ч шийдвэр гаргахад би эрх баригч намын даргын хувьд нээлттэй байгаагаа илэрхийлж байна. Ямар байдлаар ойлгогдоод хэвлэлээр явж байгааг харж амжсангүй. Жишээлбэл, Эрдэнэбүрэнгийн асуудал дээр хатуу, зөөлөн бодлогыг хавсарч хэрэглэж байна.