Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар хулгайн 4,395 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Хулгайлах гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 10 орчим хувийг халаасны хулгай эзэлж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад халаасны хулгайн гэмт хэрэг 2.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Яагаад ингэж өссөн бэ гэхээр өнгөрсөн жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан сургууль, цэцэрлэг танхим болон цахимаар орж байсан бол зарим үйлчилгээний газрууд ажиллаагүй. Харин энэ жил хөл хөдөлгөөн өмнөх жилүүдийг бодвол ихсэж байна. Тодруулбал, халаасны хулгайн гэмт хэргийн 90 орчим хувь нь нийслэлд үйлдэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн дүн мэдээнээс харахад 12-30 насны эмэгтэйчүүд болон хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа нь бүртгэгдэж байгаа бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан гар утас, эд зүйлсийг нь хулгайлах нь элбэг байдаг.
Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн жил Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Байна уу? Байна” аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амсаж буй гар утасны хулгайн гэмт хэрэг, түүний нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хэрхэн хандах, дата мэдээллээ хэрхэн хамгаалах, цаашлаад иргэдийн сонор сэрэмж, хариуцлага, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг амжилттай зохион байгуулсан” гэлээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар