Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн мэдэгдэл хийлээ.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин “Сайн байцгаана уу. Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд 8 жилийн дараа хоёр талт айлчлал буюу Монгол, Солонгосын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлсний дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ энэхүү айлчлал өндөр ач холбогдолтой.
Бидний бүрэлдэхүүнийг халуун дотноор хүлээн авсан Б.Батцэцэг сайд танд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
Өнөөдөр албан ёсны хэлэлцээний үеэр миний бие Б.Батцэцэг сайдтай Солонгос, Монголын харилцааны асуудал, Солонгосын хойгийн асуудал, бүс нутгийн асуудал, олон улсын тавцанд хамтран ажиллах зэргээр өргөн цар хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.
Хэлэлцээний гол үр дүнгийн талаар товчхон танилцуулъя.
- Бид Монгол, Солонгосын хоорондын стратегийн түншлэлийн харилцааг илүү бодитоор гүнзгийрүүлэн хөгжүүлнэ хэмээх нэгдмэл байр сууриа дахин нотоллоо. Үүний төлөө төрийн тэргүүнийхээ айлчлалаас авхуулаад өндөр, дээд түвшний харилцаа, Засгийн газар хоорондын зөвшилцлийн механизмын үйл ажиллагааг харилцан идэвхжүүлэхээр боллоо. Үүний төлөө юуны өмнө энэ оны сүүлийн хагаст хоёр улсын Засгийн газар хоорондын 6 дугаар хорооны хуралдааныг хийж, Гадаад Харилцааны Яам хоорондын стратегийн зөвлөлдөх уулзалтын анхдугаар уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Мөн хоёр орны нийтлэг үнэт зүйлсийг харилцан бэхжүүлэхээр боллоо.
- Би өнөөдрийн хэлэлцээний үеэр БНСУ-ын төрийн тэргүүн Юн Сүк Ёлын зүгээс дэвшүүлсэн глобал тулгуур орон болох санаачилгын талаар танилцуулсан. Монгол Улс нь Зүүн Хойд Азийн стратегийн түшиц төдийгүй ардчилсан үнэт зүйлс, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий орон юм.
- Монгол, Солонгос хоёр орон нь бүс нутгийн түвшинд эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа алхах болно. Солонгосын зүгээс Монгол Улс, APEC, Зүүн Азийн Дээд түвшний уулзалт зэрэг олон талт механизмыг идэвхтэй дэмжиж оролцох болно.
- Түүнчлэн иргэд хоорондын харилцаа болон соёлын харилцааг идэвхжүүлэхийн төлөө визийг хөнгөвчлөх, хоёр орны хооронд үйлдэгдэж буй нислэгийг нэмэгдүүлэх зэрэг иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх асуудлын талаар ярилцсан.
- Ирээдүйд хүүхэд залуучуудын солилцоог идэвхтэй дэмжиж, Солонгос, Монголын харилцааг ирээдүйд чиглэсэн бодит үр дүнтэй харилцаа болгон хөгжүүлнэ.
- Манай хоёр орон эдийн засгийн аюулгүй байдлын эрин үеийг угтан нийлүүлэлтийн сүлжээ зэрэг бодит хамтын ажиллагааны салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр боллоо.
- Бид уул уурхай, эрдэс баялаг, тээвэр ложистик, шинэ хот байгуулах дэд бүтэц, байгаль орчинд ээлтэй технологи, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр боллоо.
- Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа нь цаашид Монгол, Солонгос хоёр орон илүү бэхжүүлэн хөгжүүлэх ёстой салбар хэмээн бодож байна.
- Дэлхийд байгалийн баялгаараа 10 дугаарт орох, байгалийн баялаг ихтэй Монгол Улсын хувьд цаашид Солонгосын нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд хувь нэмэр оруулахуйц гол чухал түнш орон юм. Тэр дундаа хагас дамжуулагч, батарей үйлдвэрлэхэд ашиглах газрын ховор элемент зэрэг Монгол Улсад элбэг байдаг байгалийн баялгийг Солонгосын дэд бүтэц, технологитой хослуулан илүү өндөр үр дүнд хүрэх боломжтой арга замыг идэвхтэй эрэлхийлэхээр боллоо. Үүнтэй холбоотойгоор хоёр талын судалгааны төвийг байгуулах төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.
- Түүнчлэн уул уурхайн бохирдлын менежментийн технологийг нэвтрүүлэх, сургалт судалгааны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
- Солонгосын Засгийн газар энэ ондоо “Ухаалаг хот” байгуулах төслийг хэрэгжүүлэх газраар шинэ нисэх буудлын ойролцоох Зуунмод хотыг сонголоо. Ялангуяа Монгол Улсын хувьд одоо Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулах арга замыг эрэлхийлж байгаа. Тийм учраас бидний зүгээс Монгол Улсад Инчеоны Сунду болон Сэжүн шинэ хот, Солонгост эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан, засаг захиргааны нэгжээс нь нүүлгэн шилжүүлсэн туршлагаасаа хуваалцан хамтран ажиллахаар боллоо.
- Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны хооронд Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах хэлэлцээрт урьдчилсан байдлаар гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллах Монгол, Солонгосын иргэд, мэргэжилтнүүдийн солилцоо, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх технологийн чадавхыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх гол агуулгуудыг тусгасан байгаа. Энэ нь цаашдаа хоёр орон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, хоёр орон агаарын чанарыг сайжруулах, ногоон орчинг бий болгох өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны зогсохгүй үндэс суурь нь болно хэмээн найдаж байна.
- Хөдөө аж ахуйн салбарын хувьд уг салбарын технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, шинэ сортын үр хөгжүүлэх зэрэгт идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж, Ковид-19-ийн эсрэг хамтран тэмцэх, иргэдийн эрүүл мэндийн шинжилгээг явуулах болон эрүүл мэндийн шилдэг технологийг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг Солонгост бэлтгэх зэргээр хамтран ажиллахаар боллоо.
- Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй гурван томоохон хөтөлбөрийн нэг болох “Нэг тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулах зорилгоор гурван үе шат бүхий Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл нь хоёр улс шар шороон шуурга болон нарийн тоосжилтыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж бодож байна.
- Түүнчлэн хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах асуудлыг шуурхайлах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор тохиролцлоо.
- Миний зүгээс Монгол Улсад оршин сууж буй 1,500 гаруй Солонгосын иргэн болон үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын ААН-үүдийг эрх ашгийг хамгаалах, тэднийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь Монголын талаас дэмжлэг хүссэн.
- Төгсгөлд нь бид Солонгосын хойг болон Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэхээр боллоо.
- Манай Засгийн Газрын хэрэгжүүлж байгаа Умард Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзахтай холбогдуулан дэвшүүлж буй зоримог санаачилгын талаар Монголын талд би танилцуулсан. Үүнд Батцэцэг сайдын зүгээс идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
- Мөн Солонгосын хойг болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулж буй Монгол Улсын зүгээс хэрэгжүүлж байгаа “Улаанбаатарын яриа хэлэлцээ” болон Монгол, Солонгос, АНУ гэсэн гурван талт яриа хэлэлцээ, механизмыг байгуулах санал тавьсан. Үүнд Батцэцэг сайдын зүгээс Солонгосын хойг болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон.
- Монгол, Солонгос хоёр орон UNPP зэрэг НҮБ-ын түвшинд хамтран ажилладаг олон талт хамтын ажиллагаа буюу олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээр боллоо.
- Миний зүгээс 2030 онд болох Дэлхийн экспог зохион байгуулах эрхийг Бусан хот авах асуудлыг дэмжиж өгөх хүсэлтийг Монголын талд тавьсан. Улаанбаатар болон Бусан хотууд найрсаг хамтын ажиллагаатай, шууд нислэгтэй ойр дотно хотууд юм. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орны асуудлыг хөндөж буй Бусаны экспогийн үеэр Монгол, Солонгос хоёр орон уур амьсгал, байгаль орчны асуудлын талаар илүү нухацтай зөвшилцөж, Солонгосын эдийн засгийн хөгжлийн түүхээс хуваалцах зэрэг хоёр орны харилцааг улам нягт хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж бодож байна. үүнд Батцэцэг сайдын зүгээс нааштайгаар, идэвхтэй судалж үзэхээ илэрхийлсэн.
- Өнөөдөр албан ёсны хэлэлцээгээр дамжуулан бид эдгээр асуудлуудад төвлөрч, цаашдаа хоёр орон стратегийн түншлэлийн түвшинд шинэ 30 жилийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд хамтран ажиллахаар ярилцсан.
Бидний албан ёсны хэлэлцээ өнөөдөр амжилттай болж өндөрлөсөнд баяр хүргээд Батцэцэг сайд таны зүгээс ойрын хугацаанд манай солонгын орон Солонгос улсад тавтай морилохыг албан ёсоор урьж байна” хэмээн мэдэгдэл хийлээ.
1 comment
Haltar saidiin naizuud Enhjargal Miigaa nar ynhan solongosuud nuuren deern tamhiaa darj untaraadag