Британийн төр засаг үнийн өсөлтөөс болсон томоохон эсэргүүцэлд бэлтгэж байна. Тус улсад 10 сарын 1-нд цахилгаан эрчим хүчний үнэ 80% өссөнөөр нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна.
Засгийн газар нь үүнээс болоод эмх замбараагүй байдал үүсвэл таслан сэргийлэх арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаар Британийн хэвлэлүүдэд бичжээ.
“Амьжиргааны зардал өсөж, үүнийг дагаад эмх замбараагүй байдал үүссэнээр, гэмт хэрэг нэмэгдэж магадгүйд сайд нар бэлтгэж байна. Засгийн газрын эрх бүхий хүмүүс цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтийг дагаад олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсвэл үүнтэй тэмцэх төлөвлөгөө боловсруулсан” хэмээн The Sun хэвлэл мэдээлсэн аж.
Их Британийн Үндэсний статистикийн хорооны мэдээллээр бол энэ зун тус улс сүүлийн 25 жилд анх удаа Оросоос эрчим хүчний бүтээгдэхүүн аваагүй гэнэ.
Үүний улмаас хаант улсын эрчим хүчний хангамж тодорхой хэмжээгээр доголдох магадлалтай байна. Дээрх алхам нь эрчим хүчний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой бөгөөд 10 сард цахилгааны үнэ өсөх нь сүүлчийн өсөлт ч биш гэж орон нутгийн эрчим хүчний зохицуулах газрууд анхааруулж буй аж.
Засгийн газраас хямралыг даван тулаахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдгээ амлаж байгаа гэнэ. The Sun хэвлэл Британийн энгийн иргэдээс тодруулга авсан байна. Гэтэл нэг иргэн “Бид хөлдөөгчөө унтрааж, утсаа гар төхөөрөмжөөр цэнэглэдэг болсон” гэсэн бол өөр нэг иргэн “Би хүүхдүүддээ Зул сар болохгүй гэж хэлсэн” гэжээ. Түүнчлэн өөр нэг иргэн “Байхгүй юм чинь юугаа өгөх билээ. Би байрны хөлсөө төлөх мөнгө хаанаас олох вэ гээд унтаж ч чадахаа байсан” гэжээ.
Эх сурвалж: Kp.ru