Манай улс энэ жил анх удаа цэцэрлэгийн хүүхдийн сугалааг халж цахимаар бүртгэсэн. Улсын цэцэрлэгээс гадна хувийн хэвшилд хүүхдүүдийг хамруулах зохицуулалтыг хийсэнд салбарын сайдын хэлдгээр олон нийт алга ташсан. Өөрөөр хэлбэл, энэ жил цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүй зохицуулалт хийлээ хэмээж олон нийтээс өндөр үнэлгээ авч эхлэв. Гэвч цахим бүртгэл, хуваарилалтын дараа үл ойлголцол, шүүмжлэл дагуулсан олон асуудал эцэг, эхчүүдийн өмнө босч ирлээ.
Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй. Тэгвэл энэ их хөрөнгө, зохицуулалт хэр үр дүнтэй байгаа нь бодит байдал дээр багагүй шүүмжлэл дагууллаа. Цэцэрлэгийн бүртгэл хуваарилалтын дараа хүүхэд нь хувийн цэцэрлэгт хамрагдахаар болсон, мөн өмнө нь гэрийнхээ хажууд улсын цэцэрлэгт явж байсан бол холдуулж хувийн цэцэрлэгт хуваарилсан.
Ингэхдээ мөн нэг айлын хоёр хүүхдийг хоорондоо зайтай хоёр өөр цэцэрлэгт оруулсан зэрэг маргаантай олон асуудал байгаа аж. Эцэг эхчүүдийн хамгийн бухимдаж байгаа зүйл бол өмнө нь улсын цэцэрлэгт явж байсан хүүхдийг дахин бүртгэж хуваарилахдаа хувийн цэцэрлэгт оруулсан. Тэрхүү цэцэрлэг нь 400-600 мянган төгрөгийн төлбөртэй. Гэтэл төрөөс хувьсах зардал гэж хэдэн төгрөг олгох нь тодорхойгүй. Зарим цэцэрлэгийн өгсөн мэдээллээр төрөөс 150 мянган төгрөг өглөө гэхэд 250-450 мянган төгрөгийг эцэг, эхчүүд төлөхөөр байгаа. Үүнээс гадна хоолны мөнгө нэмж авна гэсэнд бухимдаж зөвлөл хүртэл байгуулжээ. Энэ талаар БШУЯ-наас тодруулахад “Систем автомат хуваарилалт хийхдээ таван настай хүүхдүүдээс эхэлж цэцэрлэгт хуваарилсан учраас нэг айлын хүүхдүүдийг ялгаж таниагүй. Тиймээс хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргаж, цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг нэгж дээр шийдвэрлэнэ. Цэцэрлэг бүр харилцан адилгүй төлбөртэй. Төрөөс хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгон, хоолны мөнгө нэмэлтээр өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ дэмжлэгийн дараа тухайн цэцэрлэгийн төлбөрт зөрүү гарвал эцэг эх, асран хамгаалагчтай нь харилцан тохиролцож зөрүүг тооцож авна” гэсэн тайлбарыг өглөө.
Үргэлжлэлийг “Зууны мэдээ” сонины цахим хуудаснаас уншина уу.
С.Уянга