Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл төсөл шалгаруулах уралдаан зарлажээ. Уралдааныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 зүйлийн 5.1.4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн бус байгууллагуудын хүрээнд зарлаж байгаа аж. Уралдаанд оролцогчид
-Хүн худалдаалах гэмт хэрэг
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт
-Хүүхдийн эсрэг гэмт хэрэг
-Архидан согтуурах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулан сурталчилах, олон нийтэд түгээх зорилготой төсөл боловсруулж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлэх юм байна.
Зөвлөл төслийг 2017 оны есдүгээр сарын 18-20-нд Хууль зүйн яамны 211 тоот өрөөнд хүлээн авах бөгөөд 2017 оны есдүгээр сарын 25-нд www.cccp.mn сайт болон олон нийтийн сүлжээн дэх хаягаар дамжуулан зарлах гэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ
5 дугаар зүйл: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл
5.1.4.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах;
19 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилт
19.3.1.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах байгууллага, төрийн бус байгууллагуудаас иргэд, байгууллагын дунд зохиож байгаа сургалт, сурталчилгааны зардлыг санхүүжүүлэх;