Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Долоон-Уул гэдэг газар өчигдөр 23:18 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай 23:27 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Мэдээллээр тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй” гэдгийг хэлжээ.
Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж
- Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
- Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
- Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
- Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
- Цахилгаан болон хийн зуухыг салга.
- Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
- Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.