УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдан (2017.08.08) гурван асуудлыг хэлэлцсэн бөгөөд Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх, УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай авч хэлэлцэх шаардлагатай байна гэж үзжээ. Бүлгээр хэлэлцсэн эхний асуудал нь Хүүхдийн мөнгө гэнэ.
Найм болон есдүгээр сарын хүүхдийн мөнгө тасрах хандлагатай байна. Эх үүсвэр нь тодорхойгүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно. Нөхөн олгон гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь 2012 оноос хойш АН-ын явуулж байгаа бодлоготой нийцэж байгаа. Тиймээс Монголын бүх хүүхдэд сар бүр хүүхдийн мөнгийг олгох ёстой гэж АН үзэж байгаа аж.
Одоогийн байдлаар Монголын сая гаруй хүүхдийн 600 мянга гаруй нь хүүхдийн мөнгө авч байгаа. Нийт хүүхдэд хүүхдийн мөнгө олгохын тулд 240 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг өгнө гэвэл төсвийн тодотгол хийж эх үүсвэрийг нь улсын төсөвт суулгаж байж шийдэх ёстой. Үүний тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зөв гэж АН-ын бүлэг үзэж буйгаа мэдэгдэв.
Мөн УИХ дахь АН-ын бүлэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүлээнд Засгийн газрын салбар хариуцсан сайд нарыг дуудаж, дулаан, сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил, хөдөө аж ахуйн салбартай холбоотой асуудлаар асуулт тавьж хариулт авах гэнэ. Тус бүлгийн өөр нэг хэлэлцсэн асуулт нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал аж. АН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бие даасан төсөл боловсруулах, ард нийтийн саналыг сайн тусгах байр суурьтай байгаа гэжээ.