Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлын дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, цаашид шаардлагатай ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын багийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан, ЭЗХЯ холбогдох байгууллагуудтай хамтран танилцуулга бэлтгэн Засгийн газрын хуралдаан бүрт хэлэлцүүлж буй юм.
Танилцуулгатай холбогдуулан, валютын ханшийн зөрүүнээс үүдэлтэй тээвэрлэлтийн үнийн өсөлтийг судалж, цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулах саналыг боловсруулж, Хилийн боомтын зөвлөлөөр хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.