Энэ жил тариалангийн зарим нутгаар хур бороо ихтэй байгаа нь таримлын болц удаашрах, ногоон тариа түрж ургахад нөлөөлж байгаа бөгөөд сортын онцлог, үрийн нормоос хамаарч буудай налах зэргээс шалтгаалан ургац хураалтад хүндрэл үүсч болзошгүй байна.
Түүнчлэн тариалангийн талбайн ургамал хаврын сүүлчийн цочир хүйтрэл, өдөр шөнийн температурын хэлбэлзэл, их халалт, ус ихтэй ширүүн бороо зэрэг хүчин зүйлд өртсөн, буудайн навчны болон түрүүний септориоз, зэв зэрэг өвчин ихээр илэрсэн нь ургацын хэмжээг бууруулах нэг нөхцөл болж байна. Бороо хур ихтэй жил стандартаас давсан чийгтэй, цавуулаг багатай, ногоон тариа ихтэй, үр хөврөл харлах өвчтэй, өнгө хувирсан зэрэг буудай хураан авч болзошгүй юм. Нөхцөл байдлаас шалтгаалан ангилан хадалт хийх нь зүйтэй боловч цас эрт орох магадлал өндөртэй жил ангилан хадалт хийх нь эрсдэлтэй.
Иймд тариаланчдад дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
1. Тариа хураалтыг богино хугацаанд хаягдалгүй хураахын тулд тарианы болц, талбайн хогтолт, ургацын хэмжээ, ургамлын өндөр, өтгөн зэргийг цаг агаарын байдалтай уялдуулан төлөвлөн хийх:
2. Таримлын чийг бууруулах, хог ургамлыг устгах, үтрэмийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор талбайд десикаци (таримлын үрийн чийг багасгах зохиомол арга хэмжээ) хийх, захлах юмуу зурваслан хадах зэргээр салхилуулан хураалтын өмнөх арга хэмжээг цаг алдалгүй хийх:
3. Таримлын үрийн чийгийг багасгах химийн аргыг хэрэглэх: БОАЖ-ын сайд, ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан ургамал хамгааллын бодисын жагсаалтад орсон ( https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390322862571 ) глифосат үйлчлэх бодис бүхий Торнадо, Спрут экстра, Раундап болон дикват үйлчлэх бодис бүхий Дикват, Суховей, Реглон, зэрэг бодисыг улаанбуудайн үрийн чийг 30% буюу түүнээс бага тохиолдолд ашиглах боломжтой.
4. Таримлын чийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ургац хураах хугацааг тооцоолох ба норм, тун хэмжээг зааврын дагуу хэрэглэх: Тухайлбал: Торнада-540 глифосат суурьтай нь хураалтаас хоёр долоо хоногийн өмнө, Дикват, Суховей буюу дикват суурьтай нь бэлдмэлийг хураалтаас 6 хоногийн өмнө хэрэглэхээр заасан байдаг. Десикаци хийхдээ тариалангийн талбайд мал оруулахгүй байх тухай мэдэгдлийг ойр орчмын малчдад хүргүүлэх, тухайн сумын Засаг даргын тамгын газарт мэдэгдэх нь зүйтэй.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР