Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан нэгдсэн бодлогыг бүх шатанд, хамтын хүчээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан юм.
2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар уг Тогтоол батлагдсанаар хууль эрх зүйн орчныг сайжруулах, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчингүй эрүүл бүс болох, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагт хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн хүнсний аюулгүй байдлыг хариуцсан Ажлын алба байгуулагдсан. Уг ажлын албыг “Баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Чимиддоржийн Даваабаяр ахалж ажиллана. Тэрбээр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх бөгөөд Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны даргаар томилогдоод байгаа юм.
Ч.Даваабаяр нь:
- 2015- 2022 он “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын тэргүүн,
- 2015-2016 онд Хөдөлмөрийн сайдын зөвлөх,
- 2015-2016 онд Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлийн гишүүн,
- 2018-2019 онд Засгийн газрын дэргэдэх Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны гишүүн,
- 2021-2022 он УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөх,
- 2021-2022 он ШӨХТГ-ын дэргэдэх “Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл”-ийн дарга,
- 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан юм.