Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 82 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 730 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 714 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 29 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирал М нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газрын захирал А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;
- Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- М нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- Б нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
Эх сурвалж: АТГ