Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд Монгол улсын “Зөвлөх багш” нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, 2022-2023 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, хэрэгжилтийн талаар ойлголтоо нэгтгэх, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөний хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор БШУЯ, Боловсролын ерөнхий газраас “БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-ЗӨВЛӨХ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт, зөвлөгөөнийг 2022 оны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БЕГ-ын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нарын албаныхан оролцсон юм. БШУ-ы сайд зөвлөх багш нарт хандаж хэлсэн үгэндээ боловсролын салбарын шинэчлэлийг манлайлагч гол хүмүүс нь зөвлөх багш нар гэдгийг тодотгов. Мөн тэднээс энэ хичээлийн жилийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарыг хүслээ.
3 өдрийн сургалт, зөвлөгөөний турш зөвлөх багш нар:
-2022-2023 оны хичээлийн жилийн бодлого, зорилттой танилцаж, хэрэгжүүлэх арга туршлагаа хуваалцав.
-Боловсролын хөгжлийн чиг хандлага, бодлого менежментийн талаарх ойлголтоо нэгтгэв.
-Мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран хөгжих арга замаа тодорхойлов.
-Сургуулийн менежмент, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйн санаа, туршлагаа хуваалцав.
-Орон нутгийн багшийн хөгжлийн төлөвлөгөө боловсрууллаа.
Мөн энэ үеэр зөвлөх багш нартай “Харилцан итгэлцлийн бичиг” үзэглэв. Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн Зөвлөх мэргэжлийн зэрэгтэй багш, удирдах ажилтан 541, БШУГ, НБГ, дүүргийн БХ-ийн мэргэжилтэн 305, нийт 846 хүн оролцлоо.
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий газар