Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн зөвлөх Н.Батхүү нар 8 дугаар сарын 19-нд Хонины ноосон органик бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-ийн үйлдвэрт зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус компани “Шинэ Зеланд” ТББ-тай хамтран малчдын амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хонины ноосыг цахилгаан хайчаар хяргах технологийг Монгол Улсад нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.
Мэргэшсэн хонь хяргагч бэлтгэх чиглэлээр Австрали, Шинэ Зеланд улсын Хонь хяргагчдын холбоотой хамтран цалинтай дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа тухайгаа компанийн зүгээс танилцууллаа.