Монголчуудын соёлын гажуудал аюултай түвшинд хүрчээ

Бид их хотын соёлтой гэж өөрсдийгөө ярьдаг. Мөн гадны зарим соёлыг даган дуурайж хувцас хэрэглэл, үг яриаг нь хүртэл өдөр тутамдаа хэрэглэх нь элбэг болсон. Энэ нь магадгүй биднийг соёлтой хүмүүс болгож буй мэт. Харин соёлын түвшингийн талаар хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанууд арай өөр дүр зургийг харуулж байна.

Судалгааны үр дүнг ерөнхийд нь харвал, монголчууд тийм ч соёлтой хүмүүс биш ажээ. Дээрх судалгааг Соёлын яам, ШУА-ийн Философийн хүрээлэн, СУИС-ийн багш нарын хамтарсан баг хийжээ. Судалгаагаар монголчууд бидний дунд харилцааны соёлын гажуудал 59 хувь гэсэн үр дүн гарсан байна. Түүнчлэн сэтгэлгээний гажуудал 45 хувь, эрүүл аж төрөх соёлын орчин нөхцөл 40 хувь, биеэ авч явах соёл 37 хувь, ахуйн соёл 27 хувь нь гажуудалтай гэсэн дүн гарчээ. Үүнээс монголчуудын соёлын гажуудал “аюултай” түвшинд хүрсэн байна гэж дүгнэжээ.

Бид соёлын тухай ойлголтыг соёл урлаг, соёл иргэншлийн асуудалтай холбож, өөрсдөөсөө дэндүү холдуулж ойлгодог. Тухайлбал, гудамжинд гараад 10 хүнээс монголчуудын соёл гэж юу вэ гэж асуухад нүүдэлчин аж ахуй, мал аж ахуй, уртын дуу зэргээр хариулж байна. Гэтэл соёл гэдэг Монгол Улсын жирийн нэг иргэнийг бүх талаас нь хэмжих хэмжээс юм гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. Тухайлбал, зан харилцаа, амьдрах орчин, сэтгэлгээ, биеэ авч явах байдал, ахуйн соёл гэх мэт энгийн зүйлсээр хэмжигдэх юм. Тиймээс дээрх судалгаанд багтсан соёлын хэм хэмжээг энгийнээр тайлбарлая.

Харилцааны соёл: Энэ төрөлд бүх төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж буй байдал хамаарна. Тухайлбал, үйлчилгээний ажилтнууд үйлчлүүлэгчтэйгээ, багш сурагчтайгаа харилцаж буй байдлыг жишээгээр авч болно.Өдөр тутмын харилцааны соёлууд үүнд хамаарна.

Сэтгэлгээний соёл: Хий хоосон магтаал, шагналд хэтэрхий их тэмүүлэх, бодит байдлаас тасарч мэдэмхийрэх, номлох, өөрийнхөө ярьж бодож буйг ганцхан зөв мэтээр бодож ярих, бусдын санаа бодлыг үл ойшоох, шинжлэх ухаанч бус байдлаар асуудалд хандах, хэтэрхий муйхраар сүсэглэх, шүтэх, даган дуурайхыг дурдаж болно.

Эрүүл аж төрөх соёл: Юуны өмнө эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан шим тэжээл бүхий хоол хүнсийг авч үзэх нь зүйтэй. Мөн амны хөндийн эрүүл мэнд буюу шүдээ угаах, архи дарсны зохистой хэрэглээ, ажил амралтын дэглэм зэрэг хувь хүнээс хамаарах чиглэлүүдээс гадна аж ахуйн нэгж, төрийн зүгээс анхаарах нийтийн биеийн тамир, спортын үйл ажиллагаанаас эхлээд, төрийн байгууллагын зүгээс тавих хяналт шаардлага оновчтой бөгөөд хүндрэлгүй байх. Ялангуяа аялал жуулчлал, дотоодын зорчигч тээвэр хөгжиж байна гэсэн мөртлөө зам дагуу дандаа ил бие засдаг газар манай улсаас өөр байхгүй. Мөн жорлонгуудын тухай ярих ч юм биш.

Биеэ авч явах соёл: Энэ бол бие хүний соёлын асуудал. Боловсрол, харилцаа, үг хэллэг, нийтэч байдал, хувцаслалт зэрэг зүйлүүдээр тодорхой харагдаж байдаг зүйл. Зөвхөн харилцаагаар нь дамжуулан авч үзэхэд л үйлчлүүлж буй байдал, хүнтэй утсаар хэрхэн яриж буй байдал буюу орилох, хашгирах, нийтийн автобус унаагаар явж байхдаа чанга ярих, хувийн асуудлаа дэлгэрэнгүй хэт удаан ярих нь үүнд хамаарна. Энэхүү соёлын гажуудлын тухай судлаачдын байр суурийг хүргэе.

ШУА-ийн философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн: Соёлын боловсрол дутагдаж байна

-Дэлхий нийтээр даяаршиж, олон соёлын огтлолцол уулзвар дээр, гадны нөлөөлөл их байгаа энэ үед хувь хүний соёлын түвшин ямархуу төлөв байдалд байна вэ гэдгийг судаллаа. Монголчуудын өдөр тутмын амьдрал түүний эгэл соёлын хүрээнд хамгийн их дутагдалтай байгаа нь харилцааны соёл гэдэг нь судалгаагаар харагдаж байна. Соёл гэдгийг манай уламжлалт сэтгэлгээнд урлагтай адилтгаад соёл урлаг, иргэншил аж төрөх ёстой холбож соёл иргэншил гэж томьёолоод өөрсдөөсөө дэндүү холдуулаад байгаа юм. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр нь тус тусдаа бие даасан оюун санааны үйл явдал, үзэгдэл, үнэт зүйлс гэдгийг онцгойлон хэлэх хэрэгтэй. Ингэж авч үзснээр соёлын боловсролын асуудал орхигдох зөвхөн мэргэжлийн түвшний хүмүүст хамааралтай гэх хүнийрхсэн байдлаар хандаж байгаа нь харагдлаа. Монгол соёл гэдэг бүх хүнд хамаатай. Тиймээс бүх хүнд хамаатай соёлын боловсролыг олгох нь чухал байна гэж харж байна. Олон улсад соёлын боловсрол гэдэг зүйлийг боловсролын системдээ суулгаж өгсөн байдаг. Харин манай боловсролын системд соёлын боловсрол гэдэг хичээл байхгүй байгаа нь харамсалтай. “Соёлын боловсрол” гэдэг нь үндэсний болон хүн төрөлхтний соёлын үнэт зүйлийг хүртэх, эзэмших мэдлэг, ур чадвар, цогц чадамж олгох үйл явц, түүний үр дүн юм.

Соёл судлалын ухааны доктор, профессор Ж.Долгорсүрэн: Бид энэ чиглэлд гадны туршлагаас суралцах хэрэгцээ байна

-Манай улс соёлын асуудлаар гадаадын зарим сайн туршлагыг авч хэрэгжүүлэх боломжтой. Ялангуяа залуучуудад гэр бүл, нийгмийн хэм хэмжээний талаар зөв ойлголт, хандлага бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулиудаар дамжуулан бүх нийтийн соёлын боловсролыг зорилго болгон шинэчлэх ажлыг Боловсролын яам болон Соёлын яам хамтран хийх нь зүйтэй. Бүх нийтийн соёлын боловсролын зорилго, хамрах хүрээг тодорхойлохдоо, БНХАУ, БНСУ шиг зарим улсуудын соёлын боловсролын туршлагыг өнөөгийн дэвшилтэт ойлголтуудтай нэгтгэн олон нийтийн дунд соёлын боловсролыг хөгжүүлэх зорилт тавьж ажиллаасай. “Шинэ үеийн монгол хүн”, “Монгол мөрөөдөл” зэрэг нэгдмэл үзэл санаа, хэм хэмжээ, ойлголтыг бий болгох хэрэгтэй. Мөн ОХУ шиг төрийн болон хувийн өмчийн музей, галерейнуудын харьяа урлагийн боловсролын төвүүд байгуулж, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэн хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан боловсролын үйл ажиллагаа явуулах, насанд хүрэгчдэд зориулсан зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь зүйтэй. Гэр бүл, хүүхдүүдэд зориулсан үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах, төрөл бүрийн урлагийн боловсрол олгох сургалт тогтмол зохион байгуулах боломжоор хангах нь бүх нийтийн соёлын боловсролын хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх нь чухал. Мөн Японд хэрэгждэг хүүхдийн болон насанд хүрэгчдийн нас бие, оюун санааны онцлогт тохирсон ёс суртахууны сургалтыг явуулахын зэрэгцээ, хүнд насан туршийн дадал хэвшил суулгах, хувь хүний ёс суртахууныг бүрэлдүүлэн төлөвшүүлэх боломжтой. Сургууль, багш, гэр бүл, орон нутаг, нийгэм хэрхэн нөлөөлж, ямар үүрэг гүйцэтгэх зэргийг нарийн тусгаж, бүх нийтийн ёс суртахууны боловсролын асуудлыг бүрэн цогцоор нь авч үзэх, бодлого, боловсруулах, хэрэгжүүлэх нь зөв шийдэл юм. Япон шиг нийгмийн амьдралд гарч буй өөрчлөлт, улс нийгмийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг бүх нийтийн соёлын боловсролд оновчтой тусгахыг анхаарах, соёл, шашны олон талт байдлыг ойлгуулахад анхаармаар байна.

Б.Баяржаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн