ШУА-ийн философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн “Дэлхий нийтээр даяаршиж, олон соёлын огтлолцол уулзвар дээр, гадны нөлөөлөл их байгаа энэ үед хувь хүний соёлын түвшин ямархуу төлөв байдалд байна вэ гэдгийг судаллаа. Монголчуудын өдөр тутмын амьдрал түүний эгэл соёлын хүрээнд хамгийн их дутагдалтай байгаа нь харилцааны соёл гэдэг нь судалгаагаар харагдаж байна. Соёл гэдгийг манай уламжлалт сэтгэлгээнд урлагтай адилтгаад соёл урлаг, иргэншил аж төрөх ёстой холбож соёл иргэншил гэж томьёолоод өөрсдөөсөө дэндүү холдуулаад байгаа юм. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр нь тус тусдаа бие даасан оюун санааны үйл явдал, үзэгдэл, үнэт зүйлс гэдгийг онцгойлон хэлэх хэрэгтэй. Ингэж авч үзснээр соёлын боловсролын асуудал орхигдох зөвхөн мэргэжлийн түвшний хүмүүст хамааралтай гэх хүнийрхсэн байдлаар хандаж байгаа нь харагдлаа. Монгол соёл гэдэг бүх хүнд хамаатай. Тиймээс бүх хүнд хамаатай соёлын боловсролыг олгох нь чухал байна гэж харж байна. Олон улсад соёлын боловсрол гэдэг зүйлийг боловсролын системдээ суулгаж өгсөн байдаг. Харин манай боловсролын системд соёлын боловсрол гэдэг хичээл байхгүй байгаа нь харамсалтай. “Соёлын боловсрол” гэдэг нь үндэсний болон хүн төрөлхтний соёлын үнэт зүйлийг хүртэх, эзэмших мэдлэг, ур чадвар, цогц чадамж олгох үйл явц, түүний үр дүн юм” гэв.