НӨАТ-ын урамшууллын сугалаа цөөхөн хүнд хүртэж байна. Сугалааг зогсоож, буцаан олголтыг нэмэх хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг зарим сошиал хэрэглэгчид үүсгээд байсан юм. Энэхүү шүүмжлэлээс үүдэж, 2022 оны дөрөвдүгээр сарын 18-наас НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.
Сугалааг ийнхүү зогсоосон ч НӨАТ-ын дүнгийн 2 хувийн буцаан олголт систем хэвээр үргэлжилж ирсэн бөгөөд энэ хугацаанд хэвлэгдсэн баримтын тоо буураагүй ч худалдан авалтын баримтаа бүртгүүлэх идэвх буурсан нь судалгаанаас харагдаж байна.
Дээрх графикаас харахад өмнө нь хэвлэгдсэн баримтыг уншуулж баталгаажуулах дундаж хувь 64% байсан бол дөрөвдүгээр сараас хойш 50%-д хүртэл буурчээ.
Мөн НӨАТ-ын нийт хэвлэгдсэн баримтад дунджаар 42%-ийг эзэлдэг 10,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй баримтын баталгаажуулалт 61% байснаас 32% болж бараг хоёр дахин буурсан байна.
НӨАТ-ын сугалааг зогсоохоос өмнө урамшууллын хөтөлбөр ямар үр дүнд хүрч байсныг доорх графикаас харж болно.
2016 онд 203 сая ширхэг баримт бүртгэгдэж байсан бол 2021 онд 647 сая ширхэг бол гурав дахин өссөн бол үнийн дүн нь 39 тэрбум төгрөгөөс 104 их наяд төгрөг болж өссөн үр дүнтэй байв.
Энэ хугацаанд давхардсан тоогоор 1.6 сая азтан тодорч, 81.2 тэрбум төгрөгийн урамшууллыг сугалааны тохирлоор авчээ. Дээр дурдсан судалгааны үр дүнд суурилаад НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэхдээ хэд хэдэн шинэчлэлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хэллээ.
Тэрбээр “Төлбөрийн баримт идэвхтэй бүртгүүлдэг иргэдээ дэмжих бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл, олон төлбөрийн баримт бүртгүүлэх тусам өндөр шагналтай сугалаанд оролцох эрх нээгдэх хувилбарууд яригдаж байна. Тухайлбал, 10 хүртэлх баримт бүртгүүлсэн хүнд сугалааны 3 орон таарвал 30,000, 5 орон таарвал 60,000 төгрөг хожих боломж нээгдэх бол 51-ээс дээш баримт бүртгүүлсэн хүний 3 орон таарвал 60,000, 5 орон таарвал 500,000 төгрөгийн азтан болох боломж бүрдэх ч юм уу. Эцсийн байдлаар батлагдаагүй ч ийм хувилбараар иргэдийг идэвхжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.
Мөн өмнө нь супер азтан тодрохгүй улирал гардаг байсан бол одоо тухайн улиралд хэвлэгдсэн баримтуудын дугаарын хүрээнд бүх хонжвор дээр заавал азтан тодордог болох юм. Ингэснээр жилд 550,000 орчим азтан тодрох нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байгаа. Орон нутгийн баримт бүртгүүлэлтийг дэмжих үүднээс мөн урамшууллын тогтолцоо нэвтрүүлэх талаар ярьж байна. Ингэснээр иргэдийн идэвх нэмэгдэж, баримт бүртгүүлэх хувь өснө гэж тооцож байна” гэв.