Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга А.С.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Талууд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлууд, тухайлбал цар тахлын үр нөлөө, хилийн боомтууд дахь нөхцөл байдал, үнийн өсөлт инфляцтай холбоотойгоор зардал өсөн нэмэгдэж байгаа, хөгжлийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт зэрэг асуудлаар ярилцлаа. Мөн шийдвэрлэх арга зам болон төмөр замын техник технологийн шинэчлэлт, зам болон өртөөдийн засвар, өргөтгөлийн ажлууд, хөдлөх бүрэлдэхүүний паркийн шинэчлэлт зэрэг үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцов.
Мөн Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын шинэ төслүүд болон төлөвлөгдсөн төслүүдийн явц байдлын талаар мэдээлэл хүргэв. А.С.Павлов нь 2022 оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” хувь нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдааныг хуралдуулж нийгэмлэгийн үйл ажиллагааны талаарх олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хурлын үр дүнгээр протоколд гарын үсэг зурсан байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.