Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУЯ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэлснийг тус яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Үндэсний цахим шуудан нь 16-гаас дээш настай хүн бүрд e-Mongolia системээр дамжуулж цахим шуудан нээж өгч буй юм. Ингэснээр иргэн төртэй шууд харьцах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, гадаад паспортын хугацаа дууссан иргэдэд, “Таны гадаад паспортын хугацаа дууслаа” гэсэн сануулгыг цахим шуудангаар илгээх юм. Мөн иргэний үнэмлэхний хугацаа дууссан, татвар төлөх цаг болсон, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг үед ч сануулга илгээх аж.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэний мэдээллийг тухайн хүнд мэдэгдэхгүйгээр ашиглахыг хориглоно. Тиймээс иргэний мэдээллийг ямар төрийн байгууллага ашигласныг мөн цахим хаягаар илгээх аж.