Жолооч нарыг өглөө үлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж байгаад зарим иргэн ундууцаж байгаа. Ямар хүн өглөө эрт архи уугаад согтуу машин барих юм. Согтуу жолоочийг барих гээд байна уу эсвэл шартсан жолоочийг торгож төсөв бүрдүүлж байгаа юу гэсэн маргаан өрнөөд буй. Цаашлаад энэ нь хууль мушгин хүний эрх зөрчсөн асуудалдаа тулав. Тиймээс бид иргэдийг бухимдуулж, эргэлзүүлээд байгаа шартсан жолоочийг яагаад үлээлгэдэг талаар сурвалжиллаа.
Энэ оны эхний долоон сарын байдлаар 33398 согтуу жолоочийг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Гэтэл үүний цаана цагдаагийн хяналтаас “мултарсан” 6800 жолооч зам тээврийн осол гаргажээ. Тэдгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээс болж 45 хүн амь насаа алдсан байна. Халтай нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо цагдаагийн хяналтаас “бултсан” жолооч нарын тал хувь нь урьд орой нь архи уусан байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хаа нэгтээ аль нэг айл өрхийг өнчрүүлж байгаа зам тээврийн ослын тал хувь нь иргэдийн мэтгэлцэж, эсэргүүцээд байгаа “шартсан” жолооч нарын урхаг юм. Тиймээс л өглөө үлээлгэж, цаашлаад согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нарт тавих хяналтыг хоромхон ч сулруулж болохгүйн нотолгоо энэ. Өглөө үлээлгэж торголоо, түгжрүүллээ гэж хүний эрх ярьж, хууль дүрэм зөрчигчдийг өмгөөлж байх хооронд хэдэн хүний алтан амь эрсдэхийг хэн ч хэлж мэдэхгүй учраас цагдааг буруутгахаасаа өмнө бодит байдлыг харах хэрэгтэй аж.
Дараагийн асуудал нь мөн л иргэдийн хамгийн их эргэлздэг үлээлгэгч багаж. Цагдаагийн байгууллага согтуурлыг хоёр төрлийн багажаар шалгадаг. Тандагч багаж нь хүн амьсгалахад спиртийн агууламж байгаа эсэхийг тогтооно. Спиртийн агууламж мэдрэгдэх юм бол улаан гэрэл асдаг. Байхгүй бол ногоон асна. Үүнийг зарим тохиолдолд алдаж, онож байна гэж ярих нь бий. Гэтэл тандагч багаж хурц үнэртэй ус болон шил арчигчийн шингэн зэргээр машин дотроос спиртийн төрлийн зүйл буюу хүний амьсгалаас спиртийн агууламж мэдрэгдэх л юм бол улаан гэрэл асна. Энэ тохиолдолд Герман улсад үйлдвэрлэсэн нэг бүр нь 2000 гаруй еврогийн үнэтэй алкотест 7510 багажаар үлээлгэж согтуурлын зэргийг тогтоодог. Энэхүү багаж нь хүний биед байгаа спиртийн хэмжээг амьсгалын замаас гарах агаараас хэмжинэ.
Багажийг зургаан сар тутам Стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулдаг юм байна. Тэгэхээр энэ багаж дээр дохио өгч л байх юм бол хэзээ хэрэглэсэн нь хамаагүй тодорхой хувийн согтолттой байна гэсэн үг. Харин тухайн хүн архи хэрэглэснээс хойш хэдэн цаг болсноос үл хамаарч согтуурлын зэрэг гарах вэ гэж баримжаагаар ярьж бодож болохгүй гэдгийг наркологийн эмч хэлж байна. Хүний бие махбодийн онцлог, архийг задалж шингээх үйл явцаас хамаарч багажинд илрэх хугацаа, биеийн жин, элэгний үйл ажиллагаатай ч холбоотойгоор биеэс гадагшлах хоруу чанар, хугацаа өөр байх тохиолдол бий аж. Ингээд мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хүргэе.
Хан-Уул нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, наркологийн эмч Э. Пүрэвсүрэн:
Согттолоо уусны маргааш өглөө нь шууд эрүүл болохгүй
-Архи уусны дараа хүн мэдрэлийн эсийн дутагдалд орж тархи хямарч улмаар оюун санаа болон сэтгэл хөдлөл өөрчлөгдөж эхэлдэг. Тархи оюун санаа хямарна гэдэг нь хүний сэтгэхүйн дараах процесст түр зуурын болон удаан хугацааны, зарим цөөн тохиолдолд эргэшгүй өөрчлөлт ордог. Тэгэхээр этилийн спиртэнд хордсон үед оюун ухаанд гажуудал үүсч эхний үед самбаачлах, цаашлаад анхаарал төвлөрөх чадвар, хурдан сэтгэн бодоход нөлөөлнө. Иймээс бодисын солилцоо болон архи задалдаг фермент, элэгний үйл ажиллагаанаас шалтгаалж тархи оюун санаа хэвийн байдалдаа орох хугацаа янз бүр байдаг. Ер нь бол нэг удаа бүрэн согтож, тасарлаа архи уусан байхад маргааш өглөө нь шууд эрүүл болохгүй. Архи өөхлөг эрхтэнд удаан хугацаагаар байршиж, гэмтээж байдаг. Хүний биеийн хамгийн өөхлөг эрхтэн болох тархинд нөлөөлснөөр 14-21 хоногийн дараа архины хоруу чанар бүрэн гадагшилдаг.
Тээврийн хяналтын албаны Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуяг:
Согтуурлын зэрэг илэрч байна гэдэг нь орон зай, цаг хугацааны мэдрэмж, хариу үйлдэл үзүүлэх чадамж алдагдсан гэсэн үг
-2021 онд 38900 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг цагдаагийн алба хаагчид илрүүлж таслан зогсоосон. Үүний 6000 гаруй нь давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад саатуулагдсан. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна. Цагдаагийн алба хаагчдыг зөвхөн өглөө үлээлгэж байна гэж бодож магадгүй. Бид 24 цагаар ажиллаж хяналт тавьдаг.
Тухайн хүнээс ямар нэг байдлаар согтуурлын зэрэг илэрч байна гэдэг нь орон зай, цаг хугацааны мэдрэмжээ алдах, аливаад хариу үйлдэл үзүүлэх чадамж саарах зэргээр олон сөрөг нөлөөтэй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүмүүс тайвширдаг учраас анхаарал, болгоомж нь алдагдаж зам тээврийн осол гаргах хүчин зүйл болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин С.УЯНГА
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 157 (6889)