Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын үед “Зуун лангийн жороо луус” хэмээх ардын дуу нь “Төрийн сүлд дуулал” болсон түүхтэй байдаг. Тухайн үеийн Ерөнхий сайд Т.Намнансүрэн нь 1913 онд Хаант Орос Улсад айлчлал хийх явцад, ёслол хүндэтгэлийн үеэр үлээвэр хөгжим тоглуулдаг болохыг анх харжээ. Түүнд энэ хөгжмийн дуугаралт өвөрмөц сайхан санагдсан тул үлээвэр хөгжмийн зэмсгийг эх орон руугаа буцахдаа авч явсан юм.
Үүний дараа Хаант Орос Улсаас үлээвэр хөгжимчид, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсад ирж, Богд хааны торгон цэргээс арван хүнийг сонгон, үлээвэр хөгжмийн зэмсгээр хэрхэн тоглохыг заасан аж. Үүний зэрэгцээ Богд хааны ногоон ордонд зочлон Оросын цагаан хааны Төрийн сүлд дууллыг тоглож, тэд малгайгаа авч хүндэтгэл үзүүлжээ.
Богд хаан тэр дууллыг хоёр удаа дахиулан тоглуулаад, мөн тэднийг дуурайн хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Үүнээс үүдэн Богд хаан нь Төрийн сүлд дуулалтай болохоор шийдэж, Хаант Орос Улсад хүсэлт тавьжээ.
Улмаар Хаант Орос Улс тус хүсэлтийг хүлээн авч, хөгжмийн зохиолч А.Кадлец-д Монгол Улсын Төрийн дууллыг зохиох үүрэг оногдуулжээ. Түүнд тухайн үеийн Хаант Орос Улсын Дорно дахин судлалын хүрээлэнгээс “Зуун лангийн жороо луус” хэмээх ардын дууны аяыг өгсөн юм.
А.Кадлец түүнийг нь хөгжмийн найруулгын хувьд бага зэрэг өөрчилж, 1915 онд энэ дуу Богд хаант Монгол Улсын Төрийн дуулал болсон байна.
Эх сурвалж: MNB