“Усан парк” барих газрыг анх орон сууцны зориулалтаар олгож байжээ

Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх мэдээлэл 2016 онд цацагдаж байв. Гэвч цогцолборын ажлыг 25 давхар орон сууцны хороолол барих ажил болгон хувиргасан талаарх асуудал шийдэгдээгүй байсан билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хэрэгжилт, УИХ-аас нийслэлд баталсан 420 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулж буйтай өчигдөр танилцсан. Тэгвэл энэ үеэр “Эм энд жи констракш” ХХК-ийн барьж буй “Усан парк”-ийн асуудлыг Засаг дарга Д.Сумъяабазараас асуусан билээ.
Л.Оюун-Эрдэнэ: Усан парк барьж буй газар орон сууц болчихлоо гэх гомдол “11-11” төвд олон ирсэн. Тус компани үнэхээр хууль зөрчсөн үү
Д.Сумъяабазар: Тэр газар хууль зөрчөөгүй. Анх 2008 онд орон сууцны зориулалтаар газрын эрхээ авч байсан юм билээ. Дараа нь газрын эрхийг НЗДТГ-аас цуцлахад тус компанийнхан шүүхэд хандаж, газрын эрхээ сэргээлгэж авсан. Тиймээс усан парк, орон сууц, тусгай зориулалт гэсэн гурван чиглэлээр зөвшөөрлийг нь гаргаж өгсөн.
Л.Оюун-Эрдэнэ: Тэгэхээр хууль зөрчөөгүй гэсэн үг үү.
Д.Сумъяабазар: Зөрчөөгүй, зөрчөөгүй. Анхнаасаа орон сууцны зориулалтаар газрын эрхээ авсан. Улстөржүүлэх гээд албаар унагаагаад байгаа юм билээ гэв.
“Усан парк” барьж буй “Эм энд жи констракш” ХХК-г Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчиж буй талаар өмнө нь Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг АТГ-с мэдэгджээ.