УИХ-ын чуулган завсарласан хугацаанд Б.Анужин гишүүн иргэд сонгогчдынхоо утсыг боломжоороо авч, ярьдаг тухай цахим хуудсандаа бичжээ. Гишүүнээс бэлэн мөнгөний гуйлт их байдаг тухай ч дурьдсан байна.
Тэрбээр “Чуулган завсарласан, гэхдээ иргэд сонгогчдынхоо утсыг боломжоороо авсаар байгаа. Үүр цүүр, шөнө харанхуйн утсыг авдаг гэж хэлэхгүй ээ! Ер нь бол 24 цаг дуудлага тасардаггүй. Утсаар яг одоо хэрэгтэй гэсэн бэлэн мөнгөний гуйлт голдуу байдаг.
Өнөөдөр 14 цагийн байдлаар 9 дэх утсандаа хариуллаа. Банкнаас зээл гаргаад өг, эсвэл бэлэн мөнгө өгчих гэдэг дуудлага байлаа.
Хувийн зүгээс шийдвэрлэж чадахыг нь шийдэж хариулаад, эсвэл зөвлөөд харин чадахгүйг нь хий горьдлого төрүүлж, худлаа үнэн хэлэлгүй боломжгүй гэсэн хариултыг үнэнээр нь хэлдэг. Харааж ерөөж загнах нь олон ч бас ярилцаж санаа бодлоо хуваалцсандаа талархах нэгэн ч бий. Ер нь таалагдах гэж худал хэлэх чинь л ёс зүйн асуудал ш дээ!
Энэ зуур эмгэнэлтэй ч гэх үү ямар ч гэх юм нэгэн дуудлага санаанд орж ирсэнийг бичье. Мартын өдөр нэг залуу найз бүсгүйдээ цэцэг өгмөөр байна, мөнгө шилжүүлээч гэж ярьсан. Залуу хүн ганц годгор цэцэг авахын төлөө хөдөлмөрлөхийг хичээлгүй ингэж ярих ч гэж бодсон, түүнийгээ ч өөрт нь хэлсэн. Ажил олдохгүй байна гэж байсан, миний мэдэхээр эргэн тойрон мэддэг таньдаг хүмүүс найдвартай ажиллах ажилтан олдохгүй, ажил хийх хүн алга гэдэг… Нэг талдаа ажил олддоггүй, нөгөө талдаа ажиллах хүн олддоггүй тухай бичвэл урт зүйл болж нуршина, гол сэвдээсээ хазайна. Нөгөө утсаар ярьсан залуугийн хувьд, нэг ч гэсэн бүсгүй баярлаг гэж бодоод өөрийн цэцэгнээс өгч явуулсан шүү.
Юутай ч ажил амьдралынхаа хажуугаар хандсан бүхэнтэй шударга шулуун харьцаж, болох бүтэхээрээ тус болж яваагаа нэг биччихье гэж бодлоо” гэжээ.
Б.Ирээдүй