Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ гүйцэтгэж байна. Тус замд борооны ус зайлуулах шугам байгаагүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож, авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүд болоод явган зорчигчдод хүндрэл учирдаг байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газраас тус байршилд шугам сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Өчигдрийн /2022.08.14-ний өдрийн/ байдлаар 374 м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, зам хөндлөн сэтэлгээ хийж, хуванцар болон ган хоолой 374 метрийг байршуулж, ус хүлээн авах шүүрт худаг 12 ширхэг, үзлэгийн худаг 12 ширхгийг суурилуулжээ.
ГУББГ НЬ 2022 онд автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар нөхөн сэргээлтийн ажлыг таван байршилд, шугам угсралтын ажлыг 4 байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс долоон байршлын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал:
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэл, өргөтгөл
- Жаргалантын амны 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралт
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц
- Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Соёолж төвийн нүхэн гарцын хөндлөн шүүр угсралт
- Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлт
- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлт
- Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, 61 дүгээр сургууль орчмын зам талбайн ус зайлуулах шугам угсралтын ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР