Говь-Алтай аймагт энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Алтайн залуус-2022” чуулга уулзалт болж, өндөрлөжээ.
Тус арга хэмжээний хүрээнд өрх гэрийн бат бөх байдал, амьдралын баталгаа, эрүүл мэндийн асуудлыг чухалчилж, тэдгээрт чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг сонирхолтой байдлаар зохион байгуулсан аж.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Улаанбаатар хотоос маш олон хэвлэл мэдээллийн байгууллага ирж сурвалжлах санал гаргасан. Гэхдээ энэ уулзалтын үед нэг ч камер байхгүй, залуусын зургийг авахгүй гэдгийг хэлсэн. Энэ бол шоу биш, хүнээ бодсон арга хэмжээ учраас сурталчилгаа биш ажил байх ёстой.
Монгол улс сүүлийн 30 жилийн хугацаанд хүнээ бодсонгүй. Тэр дундаа залуучууд руу чиглэсэн ажил маш бага хэрэгжүүллээ. Тэдний гэр бүл зохиож сайн сайхан амьдрах тал дээр анхаарсангүй.
Би Говь-Алтай аймгийн хөдөөгийн бүх багаар явсан. Уулзаад ярилцахад залуучууд голынхоо 10 залуутай найзалж, нөхөрлөх биш бусад сумынхантайгаа танилцмаар байна гэсэн. Ахмадууд маань харин энэ голынхон бүгд хамаатан садан болчихлоо гэдэг асуудлыг хэлж байсан. Ингээд энэ арга хэмжээг хийж, залуусыг уулзуулах нь зөв юм байна гэж үзлээ” гэв.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ