1950-иад оны үед анагаах ухааны үүднээс кофе уух нь хүний биед сайн гэж тайлбарладаг байжээ. Харин 1960, 1970-иад оноос кофе зүрхэнд муу гэж ярьдаг болсон байна. Харвардын их сургуулийн эрүүл мэндийн институтээс 28 жилийн турш кофены талаар маш том судалгаа хийсэн ч хүний биед огт муу гэдгийг нь тогтоож чадаагүй байна. Харин кофены хэмжээг нь тааруулж ууж байх ёстой гэсэн үр дүнд хүрч байжээ. Кофег өдөрт 2-3 аягаас илүүгүй өглөө, өдөр, үдээс хойш нэг уухад болно гэж үзжээ. Гэхдээ хүний биед хамгийн үр дүнтэй цаг нь өглөө гэж үзжээ. Кофенд дурлагчдад зориулан кофе нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх сонирхолтой судалгааг түүвэрлэн хүргэж байна.
Жишээ 1
АНУ-д кофе уух дуртай 40-75 насны хүмүүсийг судалгаанд хамруулахад энэ насны хүмүүс кофе уудаггүй хүнтэй харьцуулахад цөсний чулуу үүсэх магадлал 50 гаруй хувиар бага гарчээ. Гэхдээ аль болох өглөө юм уу өдөр уух нь илүү үр дүнтэй гэсэн судалгаа байдаг юм байна.
Жишээ 2
Японы эрдэмтэд өглөө бүр кофе уух нь хорт хавдар тусахаас сэргийлнэ гэдгийг тогтоосон байна. Жишээ нь өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний хорт хавдар тусах магадлал нь кофе уудаггүй хүмүүсийнхээс 41 хувиар бага гарчээ.
Жишээ 3
Өглөө сэрүүлэг дуугарсны дараах 30 минутад кофе уух нь ихээхэн ач тустай гэдгийг олон орны эрдэмтэд нотолсон байдаг юм байна. Швед болон Дани улсын судлаачид өглөө кофе уух нь хүнийг эрч хүчтэй байлгахаас гадна ой санамжийг сайжруулдаг гэж үзжээ. Хижээл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ой санамжид кофены хэрэглээ хэрхэн нөлөөлдгийг дээрх судалгааны баг авч үзсэн байна. Кофе байнга хэрэглэдэг 1049 хүн дээр 21 жилийн турш ажиглалт хийхэд өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүс огт кофе уудаггүй хүмүүсээс мартамхай болох Annals of Internal Medicine”-д хэвлэгдсэн хоёр судалгаагаар кофе хэрэглэх нь урт наслахад нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ.
Жишээ 4
Европын 10 орны 520 мянга гаруй хүнийг хамруулсан судалгаа явуулсан бөгөөд кофег ихээр хэрэглэдэг хүмүүсийн нас барах эрсдэл харьцангуй бага байжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг харахад өдөрт 2-4 аяга кофе уудаг хүнийг огт уудаггүй хүнтэй харьцуулахад үхлийн аюулын төвшин 18 хувиар бага гарчээ. Мөн судалгаагаар өдөрт гурван аяга кофе уудаг хүн огт уудаггүй хүнээс элэгний өвчин, амиа хорлолт, хорт хавдар, хоол боловсруулах эрхтэн, цусны даралтын эмгэг зэргээр нас барах эрсдэл хамаагүй бага байгааг тогтоосон байна.
Жишээ 5
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид кофе болон ургамлын гаралтай цай хорт хавдар үүсгэдэггүй гэдгийг баталж, 2016 онд хавдар үүсгэгч хүнсний жагсаалтаас албан ёсоор хассан байна. ДЭМБ-ын Хавдар судлалын олон улсын агентлагийн 23 эрдэмтэн кофе уудаг 10 улсын 1000 гаруй хүний дунд судалгаа, шинжилгээ явуулж энэхүү дүгнэлтэд хүрсэн байна. 25 жилийн өмнө ДЭМБ-аас кофе болон ургамлын цайг давсагны хорт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн үзэж, энэ төрлийн уух зүйлийг хавдар үүсгэгч бүтээгдэхүүний жагсаалтад нэмсэн байдаг. Гэхдээ кофе ч бай, цай ч бай, маш халуун зүйл уух нь улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг хэмээн үзжээ.
Өглөө кофе хэрэглэснээр цөс болон шээс хөөлгөхөд сайн нөлөөтэй
Өглөө кофе хэрэглэснээр цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг юм байна. Кофейны найрлагад орсон ургамал нь хүний биед тустай орон төрлийн бодис агуулдаг байна. Мэдээж хэтрүүлж хэрэглэвэл хор болох аюултай гэдгийг санах хэрэгтэй. Өглөө кофе ууссанаар цөс хөөлгөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд цөс чулуужилтаас сэргийлж болдог аж. Хүний цөс өтгөрснөөс болж цээж, хоолой хорсдог. Мөн цөсний өвчин сэтгэл гутрал, уурлаж бухимдлаас болж хөдөлдөг байна. Тэгвэл кофе нь хүний сэтгэлийг тайвшруулдаг учраас цөс чулуужих өвчлөлөөс сэргийлдэг. Шинжлэх ухаан кофейн нь шээс хөөх үйлчилгээтэй болохыг нотолсон байдаг байна. Тиймээс өглөө кофе ууссанаар шээс хөөлгөхөд хамгийн сайн нөлөө үзүүлдэг юм байна. Мөн өглөө өлөн дээр кофе уувал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг учраас биеийн ялгадас гадагшлуулах нөлөө үзүүлдэг юм байна. Гэхдээ өдөрт их хэмжээгээр кофе хэрэглэвэл шээс их хэмжээгээр хөөлгөснөөс болж кальцийн дутагдал оруулах магадлал өндөр байдаг байна. Тиймээс өглөө уух нь хүний биед сайнаар нөлөөлдөг байна.
Хэн кофе хэрэглэж болохгүй вэ
Нэг аяга кофе уугаад гар нь салганаж, зүрх нь дэлсдэг хүмүүс бий. Мэдээж тэдгээр хүмүүсийн бие махбод нь кофе хэрэглэж болохгүй гэдгийг сануулж байгаа хэрэг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн, эсвэл ядарсан, их ядаргаанд орсон, стресстэй хүмүүс, зүрх судасны систем нь ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зүрхний хэм алдалтын өөрчлөлттэй хүмүүс кофе хамаагүй уувал зүрх дэлсэх, хэм алдах, дотор нь эвгүй мэдрэгдээд байх шинж тэмдэг гарч ирдэг байна. Тиймээс энэ төрлийн өвчтэй хүмүүс хэрэглэхгүй байх нь зүйтэй.