МОСКВА. /RT/. Швейцар улс ОХУ-д Украины ашиг сонирхлыг төлөөлөх боломжгүй гэж Оросын Гадаад хэргийн яам /ГХЯ/ үзэж байна. Оросын дипломатчдын үзэж байгаагаар, тус улс төвийг сахих статусаа алджээ.
Ийм мэдэгдлийг ОХУ-ын ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн газрын дарга Иван Нечаев пүрэв гарагт Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр хийжээ. Тэрбээр Швейцарын эрх баригчид Москвагийн саналыг сонирхож буйг онцолсон байна.
“Харамсалтай нь Швейцар төвийг сахисан улсын статусаа алдсан учир зуучлагч, ашиг сонирхлыг төлөөлөх үүрэг гүйцэтгэх боломжгүй гэдэг хариуг бид маш тодорхой өгсөн. Берн Оросын эсрэг хууль бус хориг арга хэмжээнд нэгдсэн. Тус улс Киев дэх нацист дэглэмийг дэмжиж, Барууны болон Украины эхлүүлсэн русофоби буюу оросоос эмээх үзлийг дэвэргэх түрэмгий кампанит ажилд оролцож байгааг та бүхэн мэдэж байгаа” гэж И.Нечаев хэлжээ. Украинтай тохиролцоонд хүрч, Киевийн эрх ашгийг төлөөлж эхлэхийн тулд Оросын эрх баригчдын зөвшөөрлийг хүлээж буйгаа Швейцарын ГХЯ лхагва гарагт мэдэгдсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг