Монголчууд Түлэнхийн төвийг 10 жил хүлээсэн. Түлэгдэлт, хөлдөлт гээд нарийн мэргэжил стандарт шаардсан эмчилгээ, хагалгааг иргэд авч чадахгүй байсаар өнөөг хүрлээ. Ядаж л халуун тогоонд түлэгдэж өвчиндөө шаналсан хүүхдүүд гэмтлийн эмнэлгийн нэг “буланд” багтаж ядан, шалан дээр өнжсөн өдөр хоногууд олон байгаа. Гэтэл өнгөрсөн 10 жил, 3650 хоногт хэчнээн ч хүний эрүүл мэнд, амь нас эрсдэлд орсныг таашгүй. Энэ бол алдагдсан боломж төдийгүй төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүргээ умартсан, Түлэнхийн төв эмнэлгийг ашиглалтад оруулахгүй “саатуулсан” хүмүүсийн хүлээх ёстой хариуцлага мөнөөс мөн.
Харин удтал хүлээлгэсэн Түлэгдэлтийн төв 11 дэх жилдээ энэ жилийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн ашиглалтад орж тууз хайчлав. Гэхдээ баярлах болоогүй. Учир Түлэнхийн төвийн А блок ашиглалтад орсноос биш хэвтэн эмчлүүлэгчдийг хүлээж авах хамгийн чухал хэсэг болох В, С блок “царцсан” хэвээр байна. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар хэзээ ашиглалтад орохыг нь хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Газрын маргааны асуудал хууль шүүх болж сунжирсаар байна. Баяр наадмын өмнө долдугаар сарын 8-нд Түлэгдэлтийн төвийг ашиглалтад орлоо хэмээн эрүүл мэндийн салбарын удирдлага, албаны хүмүүс очиж тууз хайчилсан.
Энэ үеэр “Түлэгдлийн тусламж үзүүлээд зогсохгүй гэмтэл согогийн бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж, ГССҮТ-ийн ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэдийн хүлээгдэл чирэгдлийг багасгахад гол үүрэг гүйцэтгэх хоёр дахь том төв юм” гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолж байсан. ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах “Эмнэлэг ашиглалтад орсноор яаралтай тусламжийг хоёр талдаа зэрэг үзүүлэх боломжтой болж байна. Түлэгдэлтийг эмчилгээ, үйлчилгээг олон улс, Азийн түвшинд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэ чиглэлээр сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлэн, эмч ажилчдаа бэлдсэн” гэж байв.
Хуучнаар ГССҮТ-ийн салбар Түлэнхийн төв Түлэгдэлтийн эмнэлэг нэртэйгээр ийнхүү ашиглалтад орж байгаа. Тус эмнэлэг нь 250 ортой, хоёр блоктой, 22.6 тэрбум төгрөгийн төсвөөр боссон. Мөн С.Энхболд сайд алсын түргэн тусламжид зориулсан туулах чадвар өндөртэй Toyota Prado 150 маркын автомашиныг гардуулан өгч байв. Тэр өдрөөс хойш 30 гаруй хоног өнгөрсөн ч шинэ эмнэлэг иргэдэд үйлчилж эхлээгүй байв.
Бид долоон давхар, 250 ортойгоор түлэгдэл, шавьж хорхойд хазуулсан, гэмтлийн сэдрэлт, түлэнхийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, цаашлаад ясны хавдар, ясны эмгэг, спортын гэмтлийн тасгууд зэрэг олон чиглэлийн тасаг нэгжүүд үйл ажиллагаа явуулах Түлэгдэлтийн эмнэлгийг сурвалжлахаар хэд хэдэн удаа зорьж очлоо. Мэдээлэл өгөх хүмүүс эзгүй. Ажиллаж эхлээгүй зэрэг шалтгаанаар удаа дараа хойшлуулсны эцэст ГССҮТ-ийн Түлэгдэлтийн төв хариуцсан дэд захирал О.Хишигсүрэнтэй уулзлаа. Тэрбээр “Манай эмнэлэг үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхлээгүй байгаа. Наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өвчтөнүүдээ авахаар бэлдэж байна. Засварын ажил дууссан. Одоо зөвхөн тоног төхөөрөмжөө зөөх ажил үргэлжилж байгаа.
Үргэлжлэлийг “Зууны мэдээ” сониноос угшина уу.