Ипотекийн зээлийн хөтөлбөрөөр 2021 онд Монголбанк, банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.
Монголбанкнаас хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэхээр бэлтгэж байна. Энэ 2.0 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгохоор төлөвлөжээ.
Одоогийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгоод байна.
Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар
Энэ оны эхний долоон сард нийт 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй, ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд Монголбанк, банкуудын эх үүсвэрээр олгожээ. Ирэх сард 71 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгоно.
Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулсан (Дүрслэл 2).
Сүүлийн буюу тав дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ.
Дээрх зээлдэгчид энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс он дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан гэж Төвбанкнаас мэдээлэв.