“Хонины элэг чинжүүтэй, загасны мах өндөг болон сүүтэй зохицохгүй”
Бид эрс тэс уур амьсгалтай Монгол орныхоо улиралд зохицуулан хооллож, эрүүл мэндээ дэмжиж өвчлөлөөс урьдчилан сэргийлж ирсэн уламжлалтай.
Тэгвэл дангаар нь хэрэглэхэд хэвийн мөртлөө хооронд нь хольж хэрэглэхээр зохицдоггүй хоол хүнс гэж байдаг. Тийм хүнс нь найруулсан хор мэт биеийн хямраана гэж түүхийн сурвалжид үлдсэн байдаг.
Тухайлбал, хонины элэг, чинжүүтэй зохицдоггүй. Харин дан, дангаар нь хэрэглэхэд хэвийн.
Мөн манай иргэд амралт зугаалгын улиралд гол ус, нуурын эрэгт олноороо очдог. Үүнтэй холбоотойгоор загасны мах ч хэрэглэдэг. Тэгвэл загасны мах нь сүү болон тахианы өндөгтэй сольж хэрэглэхэд зохицохгүй гэдгийг анхааруулъя.
“Хорхог, боодог зэрэг махан бүтээгдэхүүний уурыг заавал дарж байгаад хэрэглэх нь зүйтэй”
Монголчууд махыг түлхүү хэрэглэдэг бөгөөд янз бүрийн аргаар буюу чанах, шарах, хорхог, боодог хийх зэргээр боловсруулдаг. Тэгвэл болсон махныхаа уурыг нь гаргалгүй идэж, хэрэглэвэл харшилж, биеийн хямраана. Тиймээс хорхог, боодгийн бид заавал уурыг нь дарж байгаад хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ анзаарвал, халуун тогооноос гаргаж ирээд уур нь савсаж байгаа махны амт, уур нь дарагдсан махны амт хоёр өөр байдаг. Иймд махны уурыг дарж хэрэглэх нь маш чухал.
Түүнчлэн сүү, жимстэй зохицохгүй гэж түүхэн сурвалжид бичсэн байдаг. Мөн гэсгээж байгаа түүхий махны хажууд сүү, тараг, цагаан идээ, боловсроогүй гүүний саам тавих нь хоорондоо үл зохилдож, биеийг хорлоно.
“Зуны улиралд ходоодны илч буурдаг тул мах, махан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах ёстой”
Зуны улиралд байгаль цаг уурын нөлөөгөөр хүний арьсны нүх сүвнүүд бүгд биологийн зохицуулалтаараа нээгддэг. Өөрөөр хэлбэл, гадаа хэт халахаар хүний бие арьсныхаа нээгдсэн нүхээр хуримтлагдсан дулаанаа гадагшлуулах зохицуулалт хийдэг гэсэн үг.
Арьсны бүх сүв нээгдсэн ийм үед уламжлалт анагаах ухааны хэллэгээр ходоодны галын элч буюу хоол шингээлт буурдаг. Тиймээс ийм үед мах махан бүтээгдэхүүн буюу ходоодонд удаан боловсордог бүтээгдэхүүнийг багасгаж, сүү сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх нь зүйтэй.
Ходоодны галын илч эрхээрээ суларсан байгаа үед ходоодонд удаан шингэдэг хоол хүнсийг багасгах хэрэгтэй.
Хүнсний мах төрлөөсөө шалтгаалж 4-6 цаг ходоодонд шимэгдэж цааш нарийн болон бүдүүн гэдэс рүү хоол шингээлт явагдана. Энэ хугацааг л бага байлгах хэрэгтэй. Зуны улиралд ходоодны тамир муудаж, хоолны зуршил багасчихсан үед нь бид наадмын үеэр мах, хуушуураа ихээр хэрэглэдэг тал бий.
“Халуун хуушуур идчихээд араас нь айраг уух буруу”
Бүр халуун хуушуур идчихээд араас нь айргаа уучихдаг нь үнэхээр буруу. Энэ нь хоорондоо зохилдохгүйгээр биеийн хямрааж, улмаар дархлааг муутгадаг.
Мөн ходоодонд удсан бүтээгдэхүүн бүрэн шингэхгүй болохоор хоол хүнснээс авах шим тэжээлийн бодисууд биед бүрэн шимэгдэж чадахгүй гэх мэтээр бүгд хоорондоо уялдаатай. Ингээд ирэхээр дархлаа унаж, өвчлөмтгий болно.
“Хүний бие дулааны аргаар хоолоо боловсруулж байхад нь хүйтэн зүйл уух нь биеийг хямраах уршигтай”
Иргэд мах, махан бүтээгдэхүүний араас хийжүүлсэн ундаа хэрэглэх нь хоолыг задалж, шингээдэг гэж буруу ойлгодог.
Хүний хоол боловсруулах систем нь ходоод, нойр булчирхай, цөс зэргийн шүүрлүүд ялгарч хоолыг ходоодонд дулааны аргаар боловсруулдаг. Гэтэл ходоод дулааныхаа аргаар хоол хүнсээ боловсруулж байтал араас нь хүйтэн бүтээгдэхүүн идэхээр яах нь ойлгомжтой.
Үүнийг энгийн төсөөллөөрөө хэлэхэд, ийм үйлдлийн дараа ходоод дахь хоол хүнс зайрмагтсан ч юм шиг зүйл болно. Ингэхээр тэртээ тэргүй ходоод хямарсан байгаа дээр улам хямраах буюу тухайн хоол хүнсийг ходоодонд удаана гэсэн үг. Ер нь хоол хүнсийг аль болох ходоодонд удааж болохгүй.
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Б.Лхагважав