Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” алтан медалийг АНУ-ын Виржиниа мужийн Фэйрфакс хотод оршин суугаа VIII ангийн сурагч Д.Эрдэм хүүд гардуулжээ.
Д.Эрдэм саяхан Австри улсын Моцартын нэрэмжит их сургуулиас зохион байгуулсан Олон Улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд өөрийн насны ангилалд нэгдүгээр байрт шалгарч, алтан медаль хүртээд буй.
Түүнчлэн тэрбээр олон улсын математикийн олимпиадын гурван алт, хоёр мөнгө, “Spelling Bee” тэмцээний таван удаагийн аварга, олон улсын төгөлдөр хуурын тэмцээний гурван алт, хоёр мөнгөн медальтай бөгөөд Морин хуурын тэмцээний хүрэл, Хурдан уншлагын тэмцээний нэгдүгээр байрын шагнал хүртсэн олон амжилтын эзэн болоод байгаа юм хэмээн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.