Цэцэрлэгт элсэх хүсэлтийг маргаашаас эхлүүлж байгаатай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн бүртгэл эхлүүлэхтэй холбоотойгоор хорооны 204 дарга нартай уулзаж, мэдээлэл авахаас гадна газар дээр нь очиж ажилласан. Бид алслагдсан гэр хороололд байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт түлхүү хамруулах бодлогыг баримтална.
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гол асуудал байна. Эхний ээлжид алслагдсан хорооллуудад гэр цэцэрлэгийн зохицуулалтыг хийхээр ажиллаж байгаа. Түүнчлэн арваннэгдүгээр сараас цомцог гэр буюу шинэ технологид суурилсан, ариун цэврийн байгууламж хангагдсан гэр цэцэрлэгүүдэд хүүхдийг хамруулах судалгааг хийж байна. Хүүхдүүдийг аль болох нэг километрээс хэтрүүлэхгүй байх зохицуулалтуудыг хийж байгаа.
Энэ жил шинээр ашиглалтад орж байгаа 24 цэцэрлэгт 5,000 орчим хүүхэд элсэнэ. Үүний хувьсах зардал 100 хувь шийдэгдсэн.
Цэцэрлэгийн бүртгэлийг тоон гарын үсгээр хийх нь зөв. Гэхдээ бүртгэлээ бүрэн хийж чадаагүй иргэд тухайн хамран сургах тойрогтоо байгаа цэцэрлэг дээрээ очиж бүртгэл хийлгэх боломжтой” гэлээ.