Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Антонио Гутерреш энэ оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын ЕНБД А.Гутеррешийг хүлээн авч уулзаж, талууд хэвлэлийхэнд зориулж мэдээлэл хийв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэлийхэнд хийсэн мэдээллийг дор хүргэж байна.
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэн. Өнгөрсөн 2021 онд манай улс тус байгууллага дахь гишүүнчлэлийнхээ 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, нэгэн жарны хамтын ажиллагааныхаа ололт амжилтыг дүгнэн, цаашдын зорилго, зорилтуудаа тодорхойлсон.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жилийн түүхэн ойтой давхцаж байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд манай улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн илрэл юм.
Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхалтаас ангид тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг ардчилсан улс билээ. Энэ ч үүднээс манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тогтоолын дагуу Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчийн тоог 15 хувьд хүргэх уриалгыг дэмжин, 2027 он гэхэд энэхүү зорилгод хүрэх бодлого баримталж байна.
Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан. Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж буйг онцлон тэмдэглэж байна.
Өнгөрсөн 2021 оны 12 дугаар сард Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.
Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал гэж үздэг.
Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд дэвшүүлсэн. Энэ оны 6 дугаар сард манай улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурлыг амжилтай зохион байгуулсныг мэдээлэхэд таатай байна.
Монгол Улс ЕНБД Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь цаг үеэ олсон, хөгжлийн зорилт, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг.
Манай улс санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй дэмжлэг үзүүлдэг, мэдлэг, инновацийн төв болгон бэхжүүлж, хөгжүүлэхэд НҮБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана.
Дэлхий дахинаа тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэг сорилтуудыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” санаачилгыг дэвшүүлж, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг дэмжиж, өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээнд оролцоно.
Мөн манай улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар Бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай энэ оны 5 дугаар сард байгуулсан 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-нд үндэсний хөгжлийн зорилтуудад уялдуулан хүний хөгжил, ногоон хүртээмжтэй, тогтвортой өсөлт, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэсэн 5 тэргүүлэх чиглэлээр НҮБ-тай нягт хамтран ажиллана. Нэн ялангуяа, манай улсын боловсролыг шинэчлэх, “Цахим үндэстэн” болох, сэргээгдэх эрчим хүчийг гол эрчим хүчний хангамж болгох зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын туслалцаа, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.