Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд хоёр тал хэлэлцээ хийж, хэвлэлийн хамтарсан мэдээлэл хийсэн.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэлийхэнд хийсэн мэдээллийг дор хүргэж байна.
Миний бие БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Ван И-тэй Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хоёр талын хүчин чармайлтаар цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар сая өндөрлөсөн хэлэлцээний үеэр санал солилцлоо.
Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, найрсаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж байгаад баяртай байна.
Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол, Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа. Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай найрсаг хөршийн хувьд харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Монгол, Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бүхий л салбарт гүнзгийрүүлэхээ талууд нотолсон. Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов.
Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн.
Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов.
Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудларх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатайгаа ярилцахаа илэрхийлэв.
Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа.
Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлаар, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохирсон.
Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцав.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв. Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын эрх зүйт дэг журмыг бэхжүүлэхэд БНХАУ-ын оруулж буй хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлж байгаа бөгөөд дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил, байгаль орчны асуудлаарх Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” зэрэг шинэ санал санаачилгыг сайшаан дэмжиж байна.
Өнөөдрийн хэлэлцээний дүнд бид сэтгэл хангалуун байна. Ван И сайдын манай улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна.
Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид үр өгөөжтэй үргэлжлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.