“Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум 2022 энэ сарын 05-12-нд болж байна.
Манай улсаас Улсын Их Хурлын гишүүн, Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, Элэг цөсний мэс заслын эмч, анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах албаны дарга, элэг цөсний мэс заслын эмч, анагаах ухааны магистр Р.Мөнхбат нар сургагч багшаар оролцож байна.
Оросын холбооны улсаас Эрүүл мэндийн яамны “Үндэсний эрүүл мэндийн судалгааны радиологийн төв”-ийн ерөнхий захирал, Эрүүл мэндийн яамны орон тооны бус хавдар судлалын мэргэжилтэн, ОХУ-ын Хавдар судлаачдын холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын ШУА-ийн академич Каприн Андрей, ОХУ-ын ОХУ-ын Эрүүл мэндийн яамны “Үндэсний эрүүл мэндийн судалгааны радиологийн төв”-ийн шинжлэх ухаан хариуцсан дэд захирал Шегай Петр нарын дөрвөн эрдэмтэн иржээ.
Мөн Японы гурван эмч оролцож байна.
Симпозиумын зорилго нь өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж буй хорт хавдрын мэс заслын шилдэг арга технологи, дүрслэл оношилгооны шинэ аргуудыг танилцуулах, туршлагаа хуваалцах, мэдлэг олгох юм.
Мөн хорт хавдрын мэс засал, эмчилгээний орчин үеийн хандлагын талаар сургалт зохион байгуулж, дүрслэл оношилгооны чиглэлээр эмнэлзүйн дадлага сургалт явуулна.
Симпозиум нь Монгол-Японы сургалтын эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд болох юм байна.
Энэ сарын 7-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвд “Элэгний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний орчин үеийн технологи”, “Токиогийн Хавдар судлалын үндэсний төвийн туршлага: Радиологийн нарийн төвөгтэй шийдлүүд, давуу болон сул талууд, ердийн алдаанууд”, “Элэг цөсний замын хорт хавдрын оношилгооны онцлог, шинэ программуудын хэрэглээ, ялгаатай байдал”, “Жунтендо их сургуулийн эмнэлгийн абляци хийж байсан туршлага, заалт, эсрэг заалт, хүндрэл, дахилт, алдаа”, “ОХУ-ын хавдрын эмчилгээний шинэ арга техник, сайн туршлага”, “Эмнэлзүйн жишээ судалгаа: Хүүхдийн элэгний хорт хавдрын эмчилгээ”, “Нойр булчирхайн хорт хавдрын оношилгоо”, “Элэг, цөс, нойр булчирхай, 12 хуруу гэдэсний мэс засал, эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ” сэдвүүдийн хүрээнд лекц уншиж, туршлага хуваалцах онол, дадлагууд болжээ.
Энэ сарын 8-ны өдөр Монгол Япон эмнэлэгт “Монгол Улс дахь элэгний хавдрын мэс засал эмчилгээний менежмент”, “Хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын үр дүн”, “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын Япон улсын туршлага”, “Элэгний төвийн тайралт, цөсний хүүдийн хорт хавдрын элэгний төвийн тайралт, “Хавдар судлалын үндэсний төвд хийгдсэн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын үр дүн” сэдвүүдийн хүрээнд лекц унших, онол, дадлагууд болжээ.
Энэ сургалтын гол модуль нь элэгний хорт хавдрын тухай юм. Гаднын профессорууд манай 50 гаруй эмчид (хэт авиан, хавдар, элэг цөсний мэс заслын эмч) лекц уншиж, туршлагаа хуваалцаж, хавдрыг эрт илрүүлж, цаг алдалгүй эмчлэх арга барилд онцгой анхаарна.
Мөн орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн талаар хэлэлцэнэ. Монголын талаас өнөөгийн нөхцөл байдал, сорилт, давуу талуудын талаарх мэдээллийг орос, японы эмч нартай хуваалцана.
Манай улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд нэгдүгээрт орж, нойр булчирхайн хавдар сүүлийн жилүүдэд өсжээ.
Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Цэргийн төв эмнэлгийн мэс засал, дүрс оношилгоо, ангиограф, гепатологийн 60 эмч сургалтад хамрагдаж байна.
Сургалтыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын алба, Хавдар судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг хамтран зохион байгуулжээ.
Хорт хавдар нь манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг. ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Манай улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд нэгдүгээрт орж, нойр булчирхайн хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд өсжээ.
Иймд Хавдар судлалын үндэсний төв Япон, БНСУ, ОХУ, АНУ зэрэг улсын томоохон эмнэлгүүд, их сургуулийн тухайн салбартаа тэргүүлж буй эмч, мэргэжилтнүүд эрдэмтэн судлаачидтай хамтран манай улсад хийдэггүй, хавдрын мэс заслын арга технологиос туршлага судлах, суралцах, дадлагажих зорилгоор хамтран мэс засал хийдэг.
Мэс заслыг шууд дамжуулан үзүүлэх аргаар сургалтыг зохион байгуулж иржээ.