Хятадын эрх баригчид “COVID-19”-ийн халдвар тархсантай холбоотойгоор хөл хорио тогтоосны дараа тус улсын Хайнань арлын рашаан сувиллын Санья хотод 80 мянга орчим жуулчин гацаад байна.
Хязгаарлалтууд бямба гаргийн өглөөнөөс хэрэгжиж эхэлжээ. Өмнөх өдөр нь буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус хотод “COVID-19”-ийн халдварын 229 тохиолдол бүртгэгдсэн бол бямба гарагт 129 тохиолдол илэрсэн байна.
Эрх баригчид Санья хотод галт тэрэгний тасалбарын худалдааг зогсоож, мөн энэ чиглэл рүү бүх нислэгийг цуцалжээ.
Жуулчдад 7 хоногийн хугацаанд коронавирусний PCR-ийн шинжилгээг таван удаа өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд л хотоос гарах боломжтойг анхааруулсан байна. Хотын зочид буудлууд хөл хорионы үеэр 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгджээ.
Аялал жуулчлалын улирлын оргил үед Санья хот тусгаарлалтын дэглэмд шилжсэнийг гадны хэвлэлүүд онцолж байна. Хятад улс “ковидыг тэглэх“ бодлого баримталж буй цөөхөн орны нэг хэвээр байгаа юм. Энэ нь хөл хорио тогтоож, халдвар авсан хүмүүстэй харьцсан хүмүүсийг заавал тусгаарлах замаар вирусний тархалтыг хязгаарлана гэсэн үг юм.
Хятадад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 230.4 мянга гаруй тохиолдол илэрч, 5200 орчим хүн халдварын авсны улмаас нас баржээ.
MONTSAME