ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдсан “Астана-Алмата 2010” Азийн наадам болон Олон улсын тэшүүрийн холбоо /ОУТХ/-ны нэрэмжит 2011 оны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа уран гулгалтын төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин Г.Марал-Эрдэнийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Тэрбээр Япон улсын Айчи мужийн Тоёота хотын Спортын шинжлэх ухааны сургуулийн магистрт суралцаж буй бөгөөд Степпе арена мөсөн талбайд 4-35 насны 50 гаруй хүнд хоёр долоо хоногийн турш уран гулгалтын хичээл зааж, Япон улс руу буцахын өмнө МҮОХ-ны удирдлагатай уулзах хүсэлт гаргажээ.
Тамирчин Г.Марал-Эрдэнэ “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж буй бөгөөд олимпын эрх олгох тэмцээн болон Challenger series тэмцээнүүдэд оролцоход МҮОХ-ноос дэмжлэг хүсчээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “МҮОХ-ны зүгээс олимпын спортын төрөл тэр дундаа уран гулгалтын төрлийг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн ялдамд Япон улсад хийх айлчлалын үеэр Япон улсын ҮОХ, Япон улсын тэшүүрийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх болно” гэжээ.
юм.