Эрүүл мэндээ хамгаалуулах эрх буюу түлэнхийн төв хэзээ “бүтэн” болох вэ

Эрүүл мэндээ хамгаалуулах эрх буюу түлэнхийн төв хэзээ “бүтэн” болох вэ

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 147 (6879)

Төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл түлэгдэл, гэмтэл, нөхөн сэргээх эмчилгээ авах шаардлагатай иргэд эрхээ эдэлж чадахгүй 10 жил шаналж ирэв.

2013 онд барилгын ажил эхэлж 2019 онд хүлээлгэж өгнө гэж эхэлсэн Түлэнхийн төв 2022 он гарчихаад байхад бүрэн дүүрэн ашиглалтад орсонгүй. Дахиад л хүлээлтийн байдалтай. Өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн хооронд баахан цаас шидэгдсэнээс биш хэдэн тоосго шуурхай өрсөн удаа цөөн. Тэгээд хэвлэл мэдээлэл, олон нийт шахаж шаардаад ирэхээр нь хэдэн сараар хугацаа ахиулж аргацаадаг жишиг тогтсон. Хэд хэдэн Засгийн газар дамжиж ирсэн Түлэнхийн төвийн шинэ барилгатай холбоотой бүхэл бүтэн 10 жилийн алдагдсан боломжийг “хулгайлсан” хүмүүстэй хариуцлага ярих ч учиртай.

Монгол Улсад сүүлийн таван жилийн дунджаар 702 мянга 648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж тэдгээрийн 31 мянга 122 тохиолдол нь түлэгдэлт эзэлж байна. Үүний 74.5 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна. Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа юм. Гэтэл шинэ барилга хүлээж орон зай багтаамжаа хоёр дахин хумиулсан ГССҮТ хэцүүхэн байдалд үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэвч саяхан 10 жил гацсан түлэнхийн төв ашиглалтын орлоо гэсэн мэдээлэл гарч салбарын удирдлагууд очиж тууз хайчилсан ч зөвхөн А блок буюу захиргаа удирдлага, амбулаторийн хэсэг юм. Харин хамгийн чухал буюу 250 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг нээгдсэнгүй.

Анхны зураг төслөөр Түлэнхийн төв эмнэлгийн барилга “А”, “В”, “С” блок гэсэн үндсэн гурван барилгаас бүрдсэн. “А” блок амбульторийн барилга. “В” блок хэвтэн эмчлүүлэгчдийн зориулалтаар, “С” блок шарил хадгалах газрын зориулалттай хэмээх зураг төсөл анх гарчээ. Түүнээс хойш газрын дээрэм, эрх ашгийн зөрчилд ээрэгдэж явсаар өнөөдөртөө золгож байна. Өөрөөр хэлбэл, Түлэнхийн төвийн газар дээр хувийн компани барилга бариад эхэлчихсэн. Ингээд оорог хадгалах байраа барих газаргүй болсон. Тиймээс С блокын зарим хэсгийг В блок руу шилжүүлж мооргийг хэвтэн эмчлүүлэгчдийн байрны доод хонгилд нэмж барихаар шийдсэн гэсэн мэдээллийг өгдөг.

Түлэнхийн төвийн барилгатай холбоотой асуудлаар “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын тэргүүн, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний, дотрын нарийн мэргэжлийн эмч О.Энхмаа тууштай тэмцэж, жагсаал, хэвлэлийн бага хурал г зохион байгуулж ирсэн. Тэрбээр тус барилгын С блокын газрыг эрх мэдэлтнүүд хэрхэн дээрэмдсэн талаар байсхийгээд л олон нийтэд ханддаг. О.Энхмаа өчигдөр ээлжит мэдээллээ хийхдээ “Түлэнхийн эмнэлгийн газрын 60 хувь нь алдагдаж, өнөөдөр 12 давхар орон сууцны барилга болсон байгаа. Монголд шударга ёс байхгүй, улсын эмнэлгийн газар дээр улайм цайм хувийн орон сууц баригддаг завхарсан үзэгдлийг нь арилгуулахад 2020 оны есдүгээр сарын 24-нөөс хойш зургаан удаа АТГ-т хандсан. Түлэнхийн эмнэлгийн газар дээр 2.6 сар хяналт шалгалт хийхэд үнэхээр иргэдийн эмчлүүлэх эрх зөрчигдсөн байна гэж ХЭҮК дүгнээд, Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарт үүрэг өгөөд ч дийлээгүй.

Монгол Улсын төр засаг яачихсан болоод улсын эмнэлгийн газар дээр хувийн орон сууц босчихдог байна. Тиймээс Онцгой бүсийг хамгаалах хуультай болох шаардлагатай. Хэрэв анхнаасаа шударга бус үйлдэлтэй эвлэрээгүй бол Түлэнхийн төвөөс алдагдсан 9500 ам метр газар асуудалгүй чөлөөлөгдөх байлаа” гэсэн юм.

ХЭҮК-оос Түлэнхийн төвийн барилга ашиглалтад орохгүй байгаа талаар хяналт шалгалт хийж Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яам, Барилгын хөгжлийн төвд удаа дараа ханджээ. Барилгын хөгжлийн төв “Түлэнхийн төвийн барилгуудыг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор ашиглалтад оруулна” гэж хариу мэдэгдэж. Энэ хугацаа аль хэдийнэ өнгөрч дахиад Эрүүл мэндийн яаманд хандахад “А блокын 2022 оны гуравдугаар сард багтаан, Б блокын барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тиймээс дотор засал чимэглэл, гадна тохижилтын ажил хийж 2022 оны тавдугаар сард багтаан байнгын ашиглалтад оруулна” гэсэн бичиг ирүүлжээ. Энэ хугацаа нь болоод гурван сар өнгөрлөө. Түлэнхийн төвийн барилгын үйл ажиллагаа жигдэрээгүй, хэвтэн эмчлүүлэгч хүлээж авах Б блок ашиглалтад ороогүй хэвээр байна. Төр хэзээ иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалж нэг эмнэлгийн барилгыг 10 жил “царцаадаг”-аасаа ичих вэ.

Түлэнхийн төвийн барилгыг 2018 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна хэмээн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл мэдэгдэж байв. Үүний дараа 2019 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж барилгын явцтай танилцаад 2019 онд ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл 2020 оны аравдугаар сард тус барилга 95 хувьтай явж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас хэд хэдэн удаа мэдэгдээд байгаа юм.