Хятадын эрх баригчдын удаа дараагийн анхааруулгыг үл тоон АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси өчигдөр орой Тайванийн нийслэл Тайпэй хотод ирсэн байна. Пелосигийн айлчлалыг Хятад эсэргүүцэж, хэрвээ очсон тохиолдолд таагүй үр дагавар дагуулахыг анхааруулж байв. Гэвч Пелосиг газардсаны дараа Хятадын тал мэдэгдэл хийж, Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийхээр болсноо зарлалаа.
БНХАУ-ын ГХЯ-наас Пелосигийн айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, “Хятадын засгийн газар, ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрс шийдэмгий чанар, хүсэл зориг, чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй” гэжээ.
Пелосиг Тайпэй хотноо ирэхэд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын цэргийн онгоцнууд Тайванийг чиглэн нисэж байна гэж мэдээлэв. Үүний дараа ойрын хугацаанд /мягмар гарагаас/ Тайванийн ойролцоо хэд хэдэн удаагийн ажиллагаа явуулна гэж мэдээлсэн ч удалгүй Синьхуа агентлаг “цэргийн сургуулилалт хийнэ” хэмээн тодотгосон байна.
Пелоси Тайваньд газардсаныхаа дараа “Манай Конгрессын төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаа нь Америк ардчилсан Тайванийг дэмжиж байгаагийн илрэл юм. Дэлхий нийтээрээ автократ, ардчилал хоёрын аль нэгийг сонгохын өмнө нүүр тулгараад байгаа энэ цаг үед АНУ 23 сая иргэнтэй Тайваньтай эв санааны нэгдэлтэй байгааг харуулах нь маш чухал болоод байна” гэв.