Монголчууд эцэг дээдсээ хүндэтгэн хөрөг зургийг нь хоймор дээшээ өргөн дээдэлдэг эртний ёс уламжлалтай түмэн. Төрийн сүлдээ, хайрлан хүндэлдэг төрийн зүтгэлтнийхээ зураг дүрийг ч мөн хэзээнээсээ зарлиг тушаалгүйгээр өөдөө залж ирсэн. Харин өнөөдөр бүх монголчууд, дэлхий даяарын монгол туургатан түмэн цөм бүгдээр Их Богд Чингис хааныхаа хөрөг дүрийг дээдлэн залах, эрхэмлэн дагах зарлигтай болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн нэгэн мянганд ижилгүй түүхийг бүтээсэн, хүн төрөлхтөний түүхэнд анх удаа Ази Европыг дамнасан Монгол хэмээх их гүрнийг байгуулсан их хүнийхээ хөрөг дүрийг залах болсон талаар түүхч, судлаачидтай товчхон яриа өрнүүлсэн юм.
ГОЛ НЬ ЗӨВ ХӨРГӨӨ ДЭЭДЛЭХ УЧИРТАЙ ЮМ
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндоржийн яриаг эхэнд хүргэе.
-Богд Чингисийн хөрөг залах зарлиг гарснаас хойш эш хөргийн талаар илүү их сонирхох хандлага олон нийтийн дунд бий болж байна. Түүхийг үнэн мөнөөр нь түгээн дэлгэрүүлэх нэгэн талын зорилго биелэлээ олж байгаа хэрэг. Гэхдээ Бээжин, Тайванийн хоёр өөр музейд хоёр хөрөг байгаа шүү дээ? Зарлигт алийг нь гэж заасан юм бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг түүхч хүнийхээ хувьд мэдээж талархан хүндэтгэж хүлээж авч байгаа. Монголчуудын эв нэгдэл оюун санааны бэлгэ тэмдэг болсон их хааныхаа хөрөг дүрийг хүн болгоны сэтгэл зүрхэнд тод мөнх байлгах нэгэн талын чухал.
Эзэн Чингис хааныг өнөөг хүртэлх хугацаанд маш олон янзаар дүрсэлж ирсэн. Үүн дундаас эш хөрөг гэж заасан байна. Ер нь эрдэм шинжилгээний хүрээнийхэн дундаа бол эш хөрөг гэж Бээжингийн түүхийн музейд хадгалагдаж байгааг нь хэлдэг. Түүнтэй адилтгаж болохуйц, хуулбар нь ч гэгддэг хөрөг Тайванийн ордон музейд хадгалагдаж байгаа нь юм. Гэхдээ яг аль нь алиныхаа хуулбар вэ, эсвэл хоёуланг нь өөр зургаас хуулбарласан уу гэдэг талаар баттай хэлэх боломж үнэндээ байхгүй. Ямартаа ч эдгээрийг одоогоор олдоод байгаа, эзэн Чингис хааны дүрийг дүрсэлсэн хамгийн эртний хөрөг гэж үздэг. Ерөнхийлөгчийн зарлигт Тайванийн музей дэхийг нь заасан байна гэж бид ойлгоод байгаа. Тайванинй музейд Монголын 23 хаан, хатны хөрөг хадгалагдаж байдаг. Тэр цуглуулга дунд багтсан хөрөг л дөө. Үүнийг л залж тахих шүтэх зарлиг буулгажээ гэж ойлгож байна.
-Хааны царай төрхийг өнгөрсөн хугацаанд маш олон янзаар дүрсэлсээр ирсэн.Олон янзаар дүрслэн төсөөлөх нь ирээдүйд үлдэх түүхямар нэгэн байдлаар гажуудах, буруудахын эх суурь болох вий гэсэн болгоомжлол нэг талдаа байдаг. Үүн дээрх таны байр суурь?
-Орчин цагт аливаа бүтээл устах, хүний оюун сэтгэхүйгээс арчигдтал үгүй болох аюул бараг байхгүй болжээ. Гэхдээ түүх үнэн байх учиртай. Тийм ч учраас бид их хааныхаа үнэн дүр төрхийг тахин дээдлэх тухай ярьж байна. Ер нь бол хөрөг дүрийг ямар ч уран сайхны аргаар дүрсэлж болох боловч түүхэн үндэслэлтэй байх ёстой. Зарлигт эзэн Чингис хааны эш хөрөг гэж зориуд цохон заасан нь ч мэдээж учиртай. Мэдээлэл мэдлэг хомсоос ч гэдэг юм уу, анхаарал төдийлөн тавьдаггүй сул байснаас ном хэвлэлүүддээ хүртэл шал өөр хүний зургийг Чингис хаан гэж тавьж хэвлэдэг байсан явдал ч бий. Тэр ч бүү хэл Юань улсыг түлхэн унагаах бослогыг удирдалцаж байсан хятад жанжны хөргийг хүртэл Чингис хаан гэж явсан үе бидэнд бий шүү дээ. Энэ мэтийн алдаа нь яваандаа үнэн болоод цааш явах хор нөлөө бас бий. Буруу ташаа байдлаар түгэн дэлгэрч байсан энэ мэт алдааг дахин давтахгүйн тулд гарч буй зарлиг бол ач холбогдлын хувьд ч агуулга санааны хувьд ч маш чухал явдал юм.
Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань.
-Эш хөргийг ч бас монголжуу төрхгүй гэх мэт эргэлзэн шүүмжлэх хандлага манайхны дунд байдаг. Сая зарлиг гарсны дараа ч энэ хөрөг бол ийм тийм гэх яриа гарч л байна л даа.
-Эш хөрөг гэж хэлж болохуйц, хоёр янзын хөргийг эрдэмтэн судлаачид нарийвчлан судалсан. Уран зураг судалдаг мэргэшсэн хүмүүс нь судлаад бүтээгдсэн цаг хугацааг нь баримжаалан тогтоочихсон. Дүрсэлсэн арга барил, будаг даавуу зэргээс нь ямартаа ч эртний зургууд гэдгийг нь тогтоочихсон. Бээжин дэх хөргийн хувьд бол харьцангуй хаалттай гэж хэлж болохоор. 1962 онд Хятадын эрдэмтэд судалж Юань улсын үеийнх гэж үзсэнээс хойш дахиж судлаачид үзэх боломжгүй байдалд байгаа. Харин Тайвань дахь хөрөг нь илүү нээлттэй, олон удаа хэвлэгдсэн учир нарийн судлахад ч илүү дөхөмтэй байдаг. Энэ хоёрын хувьд ерөнхий төрх нь ижилэвтэр, хэмжээ нь ялимгүй өөр. Хятадын эрдэмтэд болохоор Бээжин дэхийг нь жинхэнэ эш хөрөг, харин Тайваньд байгааг нь Мин улсын үеийн хуулбар гэж үздэг.
Монголжуу төрхгүй гэдгийн хувьд хариулахад ер нь эртний зураг бүтээл гэдэг бол одоогийн фото зураг шиг, одоо зурдаг хүний хөрөг шиг байх албагүй. Тухайн үеийн зураг дүрслэлийн арга барил, онцлог хэв шинж шингэсэн байх нь тодорхой. Тухайн үеийн гоо сайхны ойлголт нь хүртэл одоогийнхоос өөр. Ази, Европын олон улс орныг эрхшээлдээ оруулаад байсан Монгол гүрний Хубилай хаан зөвхөн монгол зургийн уламжлал, дэг ёсыг баримтлан зуруулсан гэхээсээ илүүтэй, тухайн цагийн хамгийн шилдэг сайн зураач урчууд, тэдний зурах арга барилыг ашигласан байх магадлал өндөр.
Монгол хаад, хатдын заримын нь хөргийг тухайн цагтаа алдартай балба (непал), хятад зураачийн оролцоотойгоор зурсан байх ч магадлалтай гэж судлаачид таамагладаг. Ямартаа ч эрдэмтэд судалж үзээд дээрх хөрөг нь Хятадын төрт улсуудын хаадын хөргөөс ялгаатай гэдгийг тогтоосон байдаг.
-Хэдийгээр эрдэмтэн судлаачид олж тогтоогоод байгаа ч янз бүрийн төрхөөр чөлөөтэй гэж хэлж болохоор хэмжээнд төсөөлж ирсэн хүмүүсийн хувьд олон таамаг дүрслэлээ гаргаж ирсээр л байх байлгүй.
-Бид шинжлэх ухаанд итгэдэг орчин цагийн хүмүүс. Мэргэжлийн хүмүүст, мэргэжилтнүүддээ итгэх хэрэгтэй. Яах аргагүй тэр үеийн монгол эрчүүдийн үсний засалт, шивлэгэр, хөхөл, дээл малгай зэргээс тухайн цаг үеийнх гэдгийг харж болно. Мөн цээж хөрөг байгаагүй, анхандаа бүтэн биеийн нь зураг байгаад түүнээс нь дээд хэсгийг нь тасалж авсан гэх мэт яриа ч бас гардаг. Гэвч энэ нь үндэслэл муутай. Эрхэмлэн дээдэлдэг хүнийхээ зургийг хайчлаад сууж байдаг монгол хүн ч гэж хаа байх вэ. Иймэрхүү цээж хөргөөс гадна, эзэн Чингис хааныг бүхэлд нь дүрсэлсэн зураг байсныг бас үгүйсгэх аргагүй. Гадаадын зарим судлаач ч тийм зураг байсан гэж таамагласан байдаг.
1278 онд Чингис хааны царай дүрийг зур гэж Хорихосун хэмээх хүнд зарлиг буулгасан байдаг. Хорихосун бол жирийн нэг зураач бус, төрийн сайд байсан хүн. Өөрөөр хэлбэл, Хубилай хаан хамгийн итгэлтэй хүнээрээ өвөг эцгийнхээ цээж хөргийг зуруулсан гэсэн үг. Энэ зарлиг дахь ханз үсгийг нь харахад зураг гэсэнгүй, “гэгээн дүр” гэсэн байгаа юм. Тиймээс Хорихосуны зурсан хөрөг нь угтаа бүтэн биеэр нь дүрсэлсэн том зураг байсан гэхэд бэрх. Мэдээж хэрэг, энд дурдагдаж буй Хорихосуны зурсан цээж хөрөг өнөө цагийн Бээжинд байгаа ч юм уу, Тайваний музейд байгаа хөрөг мөн гэсэн баталгаа байхгүй л дээ.
Ер нь тухайн үед эзэн Чингис хааны хөргийг түүний үр ач нар орд өргөөндөө залж түүнд албатуудаа мөргүүлдэг байсан тухай тэмдэглэл бий. 1246-1248 онд Монголд ирсэн Плано Карпини хэмээх Ромын папын элчийн тэмдэглэлд Оросын нэгэн ван Бат хааны ордонд бараалхаар очиход түүнийг Чингис хааны хөрөгт мөргөхийг шаарджээ. Тэгэхэд тэрээр “Би христийн шашин хүн, амьд хүнд бол хэнд ч мөргөнө, харин үхсэн хүний хөрөгт мөргөхгүй” гэж эсэргүүцсэн учир түүнийг цаазаар аваачив гэсэн түүх үлдсэн байна.
Мөн Бат хааны орд өргөөнд Чингис хааны алтаар хийсэн баримал байсан тухай мэдээ бий. Эндээс харахад ч Монголын томоохон язгууртнуудын хүрээнд эзэн Чингис хааны хөргийг бүтээлгээд, тахин шүтэж байсан нь тодорхой болж байгаа юм.
Одоо яригдаж байгаа эш хөрөг гэгчийг Чингис хааны хөрөг мөн, биш гэж эргэлзэж тээнэгэлзэх зүйл байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хөрөг бол одоо бидэнд уламжлагдан ирсэн, харьцангуй баталгаа нотолгоо сайтай хөрөг юм. Уран сайхны маягтай ганц нэг зургийг эс тооцвол, одоохондоо үүнээс өөр бодтой хөрөг гэхээр зүйл олдоогүй байна. Гол нь зөв хөрөг дүрээ дээдлэн шүтэх нь өнөөгийн монголчууд бидний үүрэг юм.
БИДЭНД ӨӨРИЙН ГЭСЭН БАХАРХАЛ ЗААВАЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Одоогоос 750 орчим жилийн өмнө бүтээж зурсан хөргийг залж дээдлэх болсон талаар, зарлиг гарсан тухайд бид ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан, доктор, дэд профессор А.Пунсагаас цөөн асуулт асуув.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар монголчууд их хааныхаа хөрөг зургийг дээдлэн тахихаар болж байна. Ер нь манай монголчууд ихэс дээдсээ хүндэтгэн хөрөг дүрийг нь шүтэж дээш залдаг уламжлалтай. Энэ уламжлал Юань улсын үед ч байсан тухай түүхэнд үлдсэн байдаг. Та түүхч хүний хувьд энэ зарлигийн талаар ямар бодолтой явна?
-Чингис хааны эш хөрөг залах тухай зарлигийг түүхч хүнийхээ хувьд ч, монгол хүнийхээ хувьд ч сэтгэл өндөр хүлээж авлаа. Зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатан бүхэнд хамаатай учир түүхээ танин мэдэх, түүхээрээ бахархах, сурталчлан дэлгэрүүлэх их ач холбогдолтой зүйл болж байгаа юм. Гадны олон оронд суугаа найз нөхөд, хүмүүс холбогдож агуулга утга зөв, сайхан зарлиг гарчээ гэж хэлж ярьцгааж ч байна.
Дэлхий нийтээрээ хоёр дахь мянганы суут хүн гэж хүлээн зөвшөөрсөн, энэ Монгол улсыг байгуулсан гавьяа түүхтэй, дэлхийн улс төрийн бодлогод ч нөлөөгөө үзүүлж хувь нэмрээ оруулсан суут хүмүүн шүү дээ, Чингис хаан. Хамгийн наад зах нь л гэхэд улс үндэстэн бүхний соёлыг ялгалгүй хүндэтгэх тухай бодлого нь шашны бодлогоор илэрч байсан байна. Аливаа шашныг чөлөөтэй шүтэж болох тухай Чингис хааны үеийн хуулийг өнөөдөр ардчилсан улс орон бүхэн хэрэгжүүлж байна. Хуулийг эрхэмлэн дээдлэх, хууль ёсондоо захирагдах дэг журамт байдал, олон улсын харилцаа, дипломат ёс гэх мэтээр Чингис хааны тогтоож байсан ухаант бодлогыг яриад баршгүй. Тэгэхээр бид энэ агуу эрхэм хүнийхээ эш хөргийг дээдлэх тухай зарлиг номоо дагах нь зүйн хэрэг.
Ер нь Монголчууд эртнээс дээдсээ шүтэх уламжлалтай ард түмэн. Чингис хаан Тангуд улсыг байлдаж яваад 1227 онд нас барсных нь дараа тухайн үеийн уламжлал ёсоор өөрийнх нь эх нутаг төрсөн газар Бурхан Халдуны өвөр, Хүрэлхү гэдэг газар оршуулсныг олон судлаач, олон сурвалжийн мэдээ зэргээр батлагдан нотлогдсон байдаг шүү дээ. Чухам тэр л үед Чингис хааны хөргийг алтаар бүтээгээд тахиж байсан тухай түүхэн баримтууд бий.
Чингис хааны ач хүү Хубилай хаан 1260 онд Бээжинрүү нийслэлээ шилжүүлсэн бөгөөд жил бүр тэр алсаас Бурхан Халдунд ирж дээдсийнхээ тахилгыг хийх боломжгүй тул Чингис хааны хөрөг зургийг бүтээгээд Бээжинд өвгөдийн сүм бүтээн тахилга үйлддэг болсон тухай мэдээ бий.
-Одоо бидний залж дээдлэхээр болсон хөргийн талаар?
-Хоёр янзын ижилэвтэр зураг бий. Нэгийг нөгөөгөөс хуулбарласан гэдэг энэ хоёр хөрөг зургийг 13-р зууны үеийнх гэдгийг эрдэмтэн судлаачид нэгэнт нотлоод баталчихсан зүйл юм. Эш хөрөг болоод хуулбарласан зураг нь хэмжээний хувьд хоорондоо хэдэн сантиметр зөрүүтэй, харин өнгө будаг, зурсан байдал зэрэгт онц их ялгаа байхгүй. Хувь судлаачийн зүгээс үзэхэд өнөө цагт дамжин ирсэн нь л дээрх хоёр зураг байгаа боловчиг Их хааны хөрөг Монголын Эзэнт гүрний төвүүдэд байсан байх магадлалтай. Ер нь өнөөдөр л бидэнд олдоод байгаа, урд газар байгаа хөргийг ярьж байгаа болохоос биш хожим хаа нэгтэйгээс дэлхийг эзэлж явсан их хааны маань өөр нэгэн хөрөг “энэ гарцаагүй мөн ” гэгдээд гараад ирэх ч юм бил үү бид бас л таашгүй шүү дээ.
-Хаан Чингисийг олон янз байдлаар дүрсэлж, зурж ирсэн байдаг. ,,,
-Чингис хааныг янз бүрээр дүрслэн хэлсэн байдаг ч олонхи нь цог жавхлан төгөлдөр, нүднээс нь гал, нүүрнээс нь цог сацарсан гэх мэтээр магтсан байх нь элбэг. Надад Чингис хааны хөрөг зураг, энд тэнд гарсан зоос медалионы арвин их, магадгүй дэлхийд хосгүй гэж хэлж болох цуглуулга бий. Тэдгээрээс харахад Чингис хааныг тоймгүй олон дүр төрхтэй болгож зурж дүрсэлсэн байгаа юм. Зарим нь бүр сүр жавхааг нь хэт доройтуулсан, унжгар байдал төрхтэйгөөр зурж дүрсэлсэн ч байна. Гэтэл дэлхийг эзлэж явсан баатар их хаанаа бид цог жавхаатай, сүр бараа сайтайгаар төсөөлдөг биз дээ.
-Өнгөрсөн түүхээ их ярих нь тийм ч сайных биш. Эцэг өвгөдийнхөө, Их Хааныхаа түүхээр бахархахын хэрэг чухам юу байна? гэх хандлага ч бас олон нийтийн дунд байдаг?
-Даяаршсан энэ дэлхийд хүн ам цөөтэй, бага буурай улсад далд аюул нүүрлэж байдаг. Тийм болохоор бидэнд өөрийн гэсэн бахархах зүйл заавал байх хэрэгтэй болдог. Бидэнд бахархах зүйл холоос хайж эрэлтгүй хажууд тов тод байна. Энэ бол Чингис хаан. Монгол гэдэг улсын тухай, энэ улсыг мэдэхгүй хүмүүс энэ дэлхий дээр өчнөөн. Гэвч ихэнх нь Чингис гэж мэднэ. 13-р зуунаас өнөөг хүртэлх цаг хугацаанд Чингисийн тухай 10 мянга орчим ном бүтээл хэвлэгдсэн байдаг. Энэ зарлиг бол өглөө босоод хааныхаа зурганд нэг мөргөчих тухай асуудал биш гэж харж байна. Монгол туургатан олныг нэгтгэх нэг томоохон бэлэг тэмдэг, нэг том холбоос зангилаас болж байна. Хойд урд хөршид суугаа олон монгол ахан дүүсийг нэгтгэн, бид нэг улс гүрэнтэй, оюун санааны хувьд нэгтгэх нэг бахархалтай түмэн гэсэн итгэл өгсөн, өв соёлоо дээдлэх, оюуных нь дархлаа болж өгсөн явдал.
Нэг талаасаа энэхүү түүхийн нэгэн суртал ухуулга болсон энэ ажил нь түүхээ мэдүүлэх гэж хичээн зүтгэдэг бидний ажил хүртэл нэгэн талаасаа хөнгөрч байгаа хэрэг болж байна шүү. Түүхээ танин мэдэх хамгийн хялбар дөт арга хэлбэр бол энэ мэт ажлууд байдаг л даа.
Бидний огшиж омогших зүйл бол бидний бүтээсэн соёл түүх шүү дээ. Монголын түүх хаантай харцтайгаа нийлж байж бүтэн болдог, агуу байдаг гэж би боддог. Монголчууд яагаад дэлхийг эзэлчихсэн юм бол гэсний хариуд гадны эрдэмтэн хүртэл, “эзэн хаандаа үнэнч, туйлаас шударга байсан учраас” гэжээ. Эзэн хаан нь ч үнэнч зүтгэсэн албатаа өндөр үнэлж, соёрхон халамжилж байсан төрийн шударга бодлоготой байжээ. Энэ бүхэн цөм Монголын нууц товчоонд бий.
Эх сурвалж: MONTSAME