Зэвсэгт хүчний барилгын ажлын явцад өндөр хүчдэлийн шугамд цохиулж, цэргийн ангийн ажилтан нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Цэргийн ангийн хашаан дотор тогонд цохиулсан хүн ухаангүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай мэдээллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Зэвсэгт хүчний дугаар ангийн хашаанд баригдаж буй Зэвсэгт хүчний барилгын ажлын явцад өндөр хүчдэлийн шугамын доод хэсэгт авто краныг байрлуулж, краны сум өргөх явцад 380 вольтын хүчдэлтэй цахилгааны утсанд хүрсний улмаас авто краны хажууд зогсож байсан тус цэргийн ангийн мужаан албан тушаалтай, дэд ахлагч цолтой, 24 настай, эрэгтэй өндөр хүчдэлд цохиулж нас барсан нөхцөл байдал тогтоогдож байгаа аж.
Тус хэрэгт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирсон эсэх, хариуцсан албан тушаалтнууд гэм буруутай эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.