“Би хэзээ ч олохгүй учраас эрэлхийллээ зогсоохгүй” хэмээн алдарт зураач Пабло Пикассо нэгэнтээ хэлсэн байдаг. XX зууны Испанийн суут зураач Пабло Пикассо /1881-1973 / олон зуун зургаа мөнхлөн үлдээсэн шигээ өөрөө 91 насыг зооглож чадсан буянтан билээ.
Хоёр жилийн өмнө болсон Нью-Йоркийн урлагийн арилжааны “Sotheby’s” биржийн ээлжит дуудлага худалдаагаар түүний 1932 онд зурсан “Алтан зул цэцэгтэй натюрморт” зураг нь 41.5 сая доллараар зарагдсан тухай “Agence France-Presse” мэдээлсэн. Энэхүү зурагтаа Пикассо амьдралынхаа бүтэн 50 жилийн турш ил, далд хайр сэтгэлийн холбоотой байсан Мари-Тереза Вальтерийг дүрслэн үзүүлсэн байжээ.
Урлаг судлалын томоохон төлөөлөгчид түүний Жорж Брак, Хуан Грейс нарын хамт үндэслэн байгуулсан кубист аргаараа 26 насандаа 1907 онд бүтээсэн “Авиньоны хүүхнүүд” зургийг нь ихэд ойшоож, магтахдаа “Пабло Пикассо хэрвээ 1907 онд таалал төгссөн байлаа ч дэлхийн уран зургийн түүхэнд үлдэж чадах байсан юм” гэсэн байна. Энэ нь түүний дараагийн суут бүтээлүүдийг булшлах гэсэн биш, харин ч урлагт тавьсан анхны алхмаасаа эхлэн сонгодог бүтээлч байсныг гэрчилж байгаа юм.
Дэлхийн хамгийн үнэтэй зургийг Пикассо зурсан учраас түүний зураг хамгийн олон удаа хулгайд алдагджээ
Пикассо амьдалынхаа туршид 20 000 зураг зурж амжсан бөгөөд түүний албан ёсоор зарагдсан зургууд нь 262 сая долларын үнэд хүрсэн баримт байна.
2010 оны тавдугаар сарын 4-ний өдрийн “Кристис” урлагийн биржийн ээлжит арилжаагаар Пабло Пикассогийн зурсан “Нүцгэн бүсгүй, ногоон навчис, цээж хөрөг” зураг 106 482 000 долларын үнэ хүрсэн нь өнөөдөр манай дэлхийн хамгийн өндөр үнэтэй зураг юм.
Дэлхий дээр хамгийн өндөр үнэтэй зургийг Пикассо зурсан учраас түүний бүтээл хамгийн олон удаа хулгай, дээрэмд өртсөн байдаг юм.
Пабло Пикассо 2009 онд “The Times” сонины санал асуулгаар 1.4 сая уншигчийн саналаар “Зууны шилдэг зураач”-аар шалгарч байсан. Амьдралын жинхэнэ утга учир, сайн сайхан, элбэг дэлбэг орчин, алдар нэр, хайр сэтгэлийн амтыг ханатал эдэлсэн тэрээр 91 насандаа таалал төгсөхдөө “Хорвоо дэлхийд надад дутуу дулимаг юм огтхон ч алга аа. Харин хэзээ ч бийрээ дахин гартаа барихгүй. Ялдам сайхан бүсгүйг дахин тэврэхгүй гэдэг л харамсалтай байна” гээд амьсгаа хураасан гэдэг.
Тэрээр амьддаа алдар гавьяаныхаа титмийг атгаж чадсан цөөхөн зураачийн нэг боловч урлагаас хувийнхаа амьдралаа огтхон ч салгаагүй нэгэн билээ. Пабло Пикассо урлан бүтээх арга хэлбэрээ өөрчлөн солих бүрт түүний эхнэр юм уу, нууц амрагууд, найз нөхөд, гэр орон, тэр битгий хэл, тэжээмэл нохойгоо ч солих нь энүүхэнд. Мэдээж түүний сэтгэл зүрхийг эзэмдэн онгодыг хөглөж байсан үзэсгэлэнт бүсгүйчүүд бүгд түүнтэй ойр дотно холбоотой байсан төдийгүй хожмын өдөр юугаар ч үнэлж барамгүй дурлалын баталгаа, намтрын хэлхээс нь болон үлдэх хувьтай байжээ.
Пабло Пикассо болон Фернанда Оливье Монмартрт нохдын хамт /1904 он/
Пабло 1904 онд Монмартад ирснээр түүний анхны хайрын түүх эхэлжээ. Уран бүтээлийн “Цэнхэр” үеийнхээ эхэнд тэрээр эцэгтэйгээ холбоогоо таслан Пикассо гэх эхийнхээ овгоор бүтээлээ туурвих болжээ. Хожим түүнээс нэгэн сурвалжлагч эцгийнхээ овгийг аваагүйн учрыг лавлахад тэрээр “Пикассо гэхэд нь Рюзи \эцгийн овог\ гэснээс хавьгүй сонсголонтой байгаа биз дээ.Тэгээд ч давхар “Сс” үсэг Матисс, Пуссен, Руссо нарын нэрэнд орсон юм” гэж бахархан хариулсан гэдэг.
Ширүүн бороо өнгөрөөхөөр үзэсгэлэнт Фернанда Оливье нэг удаа залуу зураачийн урланд санамсаргүй саатсан байна. Бороо намдсаны дараа нэг гартаа муур барьсан Пабло залуу бүсгүйг элдэвлэн хоргоож яахаас ч буцахгүй харцаар нэвт цоргижээ. Фернанда Оливье бага зэрэг эсэргүүцсэн боловч…
Нэг мэдэхэд есөн жил Пикассотой ханилжээ. Ядуу боловч жаргалтай байсан энэ үедээ Фернандад дурласан сэтгэлээ “Ягаан” үеэрээ илэрхийлж байв. Тэр хоёр өдөр болгон зураач, найрагчидтай уулзан ярилцаж Пикассо шөнөдөө зургаа зурдаг байв. Азаар хожим алдартай цуглуулагчид болсон Гертруда Стайн ахынхаа хамт хүрэлцэн ирж түүний бүтээлүүдийг худалдан авдаг болжээ. Гертруда хөргөө захиалан зуруулж байхдаа түүний урлангаар тогтмол орж ирдэг боловч Пикассо бодит байдлаас нэг ч таталбар хийлгүй будгаа оролдсоор дараа нь өөрийн сэтгэмжээр гүйцээн зурдаг байжээ. Багтай адилхан болсон эдгээр хөрөг Гертруда Стайнд байтугай өөр хэнд ч таалагдсангүй. Харин Пабло өөрөө “Бүгд л энэ зураг эзэнтэйгээ адилгүй гэх юм. Хэзээ нэгэн цагт Гертруда өөрөө энэ зургуудтайгаа адилхан болох юм шүү дээ” гэжээ.
Хожим Гертруда Стайн үнэхээр өөрөө хөрөг зурагтайгаа адилхан болсон гэдэг.