Хүүхэд вакцин хийлгэснээс хойш 15-30 минут ажиглалтын өрөөнд байх ба энэ хугацаанд хямарвал яаралтай тусламжийн өрөөнд оруулж хүчилтөрөгч өгөх, зүрх судсыг дэмжих арга хэмжээ авахаар бэлтгэсэн байдаг. Харин тархи мэдрэлийн хүнд өвчтэй, унаж татдаг, архаг хууч өвчин нь сэдэрсэн тохиолдолд вакцин хийж болохгүй эсрэг заалттай юм байна.
Хүүхэд вакцин хийлгэсний дараа бага зэрэг халуурах, бөөлжих, нус гоожих, ханиах, хоолой хөндүүрлэх зэрэг томуу төст шинжүүд түгээмэл илэрч байгааг эмч ярив. Энэ тохиолдолд эмчээс зөвлөгөө авч тохирох эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
Эдгээр хөнгөн урвалууд нь бусад вакцины үед ч илэрдэг бөгөөд хүний биеийн дархлааны системийн нөлөөгөөр өвчин үүсгэгчийн эсрэг дархлаа тогтоож байгааг илэрхийлдэг ба 1-3 хоногт зүгээр болдог. Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын урвалууд тогтвортой удаан хугацаанд үргэлжлэх эсвэл шинж тэмдгүүд хүндэрвэл харьяа өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах эмчийн зөвлөмж байна.
Мөн вакцин хийлгэснээс хойш гурав хоногийн дотор даарахгүй, халуун ногоотой хоол идэж болохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, усанд орж, кофе ууж болохгүй. Түүнчлэн харшил өгдөг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүйн дээр вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй хүрэхгүй байх, сайн хооллож шингэн зүйл хангалттай уух , боолт хийх эм тос түрхэх бусад зүйлээр жин тавихгүй байхыг эмч нар анхааруулдаг.