Хүний Дархлал Хомсдлын Вирус (ХДХВ)-ээр өвчлөөд эдгэсэн дөрөв дэх тохиолдол гарсан талаар Английн BBC агентлаг мэдээллээ.
Уг өвчтөн нь 66 настай, ХДХВ-ын халдвар аваад 40 жил болж байгаа бөгөөд АНУ-ын Калифорни мужийн Дуартэ хотод эмчлүүлсэн ажээ. Тэрээр ХДХВ халдвар тусаад эдгэсэн хамгийн өндөр настай өвчтөн төдийгүй ХДХВ-ийн халдвартай хамгийн удаан амьдарч байгаа хүн юм.
ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбодыг аливаа халдвартай тэмцэх чадваргүй болгодог бөгөөд даамжирч хүндэрвэл Дархлалын олдмол хомсдол (ДОХ)-ийг бий болгодог.
Гэвч тухайн эдгэрсэн өвчтөн нь ХДХВ-ийн халдвараа эмчлүүлэхээр биш, харин 63 насандаа цусны хорт хавдрын лейкеми өвчнөөр өвчилж, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байжээ. Эмч нар хорт хавдрын эсийг солихын тулд чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж үзсэн байна. Санамсаргүй тохиолдлоор түүний донор нь ХДХВ-ийн эсрэг дархлаатай байжээ. Өөрөөр хэлбэл, ХДХВ-ийн вирус хүний эсэд нэвтрэн орж ирэх үүд хаалга болж өгдөг CCR5 ген нь мутацид орж, ажиллагаагүй болсон гэсэн үг. Дэлхий дээр үүн шиг ХДХВ-ийг эсэргүүцэх чадвартай гентэй хүмүүс маш ховор байдаг ажээ.
Хагалгааны дараа өвчтөний биеийн байдлыг сайтар хянаж байсан бөгөөд цусны шинжилгээгээр биед нь ахиж ХДХВ илрээгүй байна.
Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд ихээхэн дэвшил гарч байгаа бөгөөд Ретровирусийн эсрэг эм байнга шинэчлэгдэн сайжирч, ХДХВ-ийн халдвар нь эмчилгээтэй архаг халдварт өвчний ангилалд хамаарах болсон билээ.
Өнөө цаг үед ХДХВ-ийн халдвартай хүмүүс эрт үедээ оношлогдвол эмийн эмчилгээгээ эхлэн цаашид тогтмол хэрэглэвэл бусадтай адил дундаж наслалтыг туулах боломжтой болсон байна.
Уг ХДХВ нь бүрэн эдгэрсэн иргэн хэлэхдээ “Анх 1988 онд ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдоход яг л цаазаар авах ял сонсож байгаа мэт санагдсан. ХДХВ-ийг эмчлэх өдрийг харах хүртлээ ийм удаан амьдарна гэж хэзээ ч бодож байгаагүй” гэжээ.
Үүнээс өмнө ХДХВ-ийн халдварыг чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээгээр эдгээж байсан гурван тохиолдол гарч байсан юм. Гэвч яг энэ аргаар дэлхий дээрх бүх ХДХВ-ийн халдвартай 38 сая хүнийг эдгээнэ гэдэг боломжгүй зүйл юм. Үнэтэй, эрсдэлтэйгээс гадна өвчтөнд яг тохирох донор олно гэдэг маш бага хувийн боломжтой ажээ.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: С.Жаргалмаа