Ховд аймаг нь 17 сум, 91 багтай. Үүнээс хөдөөгийн 79 багийн нутаг дэвсгэрт 8541 малчин өрх, нийт 14.0 мянга гаруй малчин амьдарч байна.
Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал…
2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3.6 сая толгой мал тоологдож, малын тоо өмнөх оноос 307.5 мянгаар буюу 9.3 хувиар өссөн.
Аймгийн хэмжээнд нийт 1477.1 мянган толгой эх мал төллөхөөс 94.2 хувь буюу 1391,0 мянган толгой эх мал төллөж, нийт 1345.5 мянган төл хүлээн авч, төл бойжилт 96.7 хувьтай байна. Үүнээс 600-аад төл ихэрлэсэн. Нийт 46.0 мянган төл хорогдсон. 17.6 мянган эх мал хээл хаясан гэх судалгааг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүллээ.
Ховд аймаг 5.31 сая га бэлчээрийн эдэлбэр газартай бөгөөд энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 71.7 хувь, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 99.37 хувийг эзэлдэг.
Нийт бэлчээрийн 60.7 хувь буюу 3.4 сая га нь өвөл-хаврын, 39.3 хувь буюу 2.06 сая га нь зун-намрын бэлчээрт ашиглагддаг.
Зуншлагын байдал 2021 оны бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл,
Нийт нутгийн 14 хувь нь 0-50.0 хувь (бэлчээрийн нөөцтэй)
13 хувь нь 50.1-100.0 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
48 хувь нь 100.1-300.0 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
5 хувь нь 300.1-500.0 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
20 хувь нь 500.1 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.
Өөрөөр хэлбэл, аймгийн дүнгээр нутгийн 30 орчим хувьд хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 50 орчим хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 25 орчим хувьд бэлчээрийн даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарчээ.
Өнгөрсөн онд малчдын түвшинд нийт 61.1 мянган тн өвс, 2.1 мянган тн тэжээл, 6.8 мянган тн хужир шүү бэлтгэсэн. Энэ нь хадлан 104.4 хувь, тэжээл 71.5 хувь, хужир шүү 92.0 хувьтай байжээ.
Засгийн газрын 221 дүгээр тогтоолын хүрээнд сумууд аюулгүйн нөөцдөө нийт 1092.0 тн өвс, 322.0 тн тэжээл, аймаг 200 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэж нийтдээ 62.8 хувийн гүйцэтгэлтэй байсан. 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ерөнхийдөө 80.5 хувьтай гарч байсан.
Өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг эртнээс зохион байгуулах шаардлагатай
Орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлд анхаарч эхэллээ.
Энэ жил тус аймгийн нийт нутгаар зуншлага тааруу 5 дугаар сарын сүүлч, 6 дугаар сарын эхээр ногоо гарч зуншлага сайхан болох төлөвтэй байсан боловч бороо орохгүй нар их гарч, шуурсаны улмаас ногоо гандаж зуншлага муудсанаас малын тарга хүч тааруу байна. Үүнээс шалтгаалан ирэх өвөл, хаврын төлөв байдал хүндрэх, эрсдэл үүсэх магадлалтай.
Байгалийн хадлан өмнөх онуудын дундаж хэмжээнээсээ бага бэлтгэх төлөвтэй. 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бороо орж өвс ногоо сэргэж байгаа боловч баруун 3 сум болох Булган, Алтай, Үенч сум болон Эрдэнэбүрэн, Дөргөн суманд бороо орохгүй байна.
Өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангах албан даалгаврын төсөл боловсруулж бэлдсэн, сумдад өмнөх оны хэмжээнд өвс, тэжээл, хужир шүү бэлтгэхээр албан даалгаврын төлөвлөгөөнд тусгасан аж.
Тодруулбал, энэ жил аймгийн хэмжээнд 58600 тн хадлан, 3000 тн гар тэжээл, 8000 тн хужир шүү бэлтгэхээс гадна сумдын аюулгүйн нөөцөд 2200 тн өвс, 610 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гаргаж байгаа худгийн ажлын явцыг эрчимжүүлж, аймаг, сумын түвшинд отроор өвөлжих өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, гэрээ хэлцэл байгуулах ажлыг 10 дугаар сард багтаан гүйцэтгэх, Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газар, тусгай хэрэгцээний отрын бүсэд өвөлжих айл, өрх, малын тоог гаргаж холбогдох дээд шатанд уламжлах, сумдаас зах зээлд борлуулах болон хүнсэнд хэрэгцээлэх малын судалгааг гаргах гэх мэт олон ажил хэрэгжүүлнэ.
Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил, үр дүн…
2022 он гарсаар 3 удаагийн дархлаажуулалтад 17 сумын 5747 өрхийн 189.522 үхэр, 62.325 хонь, 76850 ямаа, 272 гахай нийт 328.969 толгой мал, амьтан вакцинжуулсан байна.
2022 оны эхний хагас жилд Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн суманд гарсан шүлхий өвчний голомт намжиж, өвчлөл зогсон хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалж өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин зогсонг байдалд шилжээд байна.
Эхний хагас жилд Шүлхий өвчнөөс сэргийлэх 254.5 сая төгрөгийн вакцин авч, 110.8 сая төгрөгийн үйлчилгээний хөлсийг МЭҮН-үүдэд олгожээ.
Үхрийн нийт дархлаажуулалтад аймаг орон нутгийн төсвөөс 41.2 сая төгрөг, шатахуунд 11.8 сая төгрөгийг зарцуулсан аж.
MONTSAME