Байгалийн олон янз байдал, үндэсний тодорхойлсон хувь нэмэрт залуучуудын оролцоог нэмэх, залуучуудыг чадавхжуулж, дуу хоолойг нь үндэсний болон дэлхийн тавцанд хүргэх зорилгоор “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг ирэх сард хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, НҮБ-ын Нийгэмлэг хамтран ажиллаж байна.
18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж, хоёр сарын турш байгаль орчны тухай мэдлэг олгон, байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах юм. Шилдэг хоёр оролцогчийг энэ онд Египет, Канадад болох НҮБ-ын олон улсын хурлуудад оролцуулна.
Залуу төлөөлөгчид эх орондоо ирээд үндэсний хэмжээний уулзалт зохион байгуулж, сурсан зүйлсээ хуваалцаж, байгаль орчны төлөөх залуучуудын оролцооны цаашдын алхмууд, боломжуудыг тодорхойлох юм.
“НҮБ-ын залуу төлөөлөгч” хөтөлбөрийг Монголд анх удаа хэрэгжүүлж буй нь энэ юм.
ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА: Ирэх сарын 20-ноос аравдугаар сарын 15-ны бямба гараг бүр
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- 18-30 насны Монгол Улсын иргэн
- Монгол Улсад оршин суудаг (орон нутгаас хичээлд цахимаар оролцох боломжтой)
- Англи хэлний бичиг, ярианы дундаж түвшинтэй (CEFR – В1, intermediate)
- Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эсвэл энэ чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдсан туршлагатай.
БҮРТГЭЛ: Ирэх сарын 12-ны 23:59 цаг хүртэл дараах цахим холбоосоор хүлээн авна. Зөвхөн тэнцсэн оролцогчидтой ирэх сарын 18-ны дотор мэйл хаягаар холбогдоно. Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл байвал info@unamongolia.com эсвэл манай Facebook page-р холбогдох боломжтой.