Бид өдөр бүр тэнд тэгж хүүхэд хүчирхийлэлд өртжээ, ингэж бэртжээ, амиа алдлаа гэсэн таагүй мэдээллийг сонсдог. Энэ тоог багасгахад төрийн бодлого хамгийн чухал. Гэвч өнөөдрийг хүртэл ялангуяа зорилтот бүлгийн хүүхдийн тулгамдсан асуудлыг тодорхой шийдэж чадаагүй л байна. Гэхдээ асуудлыг шийдэх боломжтой гэдгийг “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” төвийг байгуулсанаар харж болно. Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том төрийн бус байгууллага энэ.

Тэгвэл яг үүнтэй ижил үйл ажиллагаатай “ЗУЛ” төв Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд нээгджээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг ч газаргүй тус байршилд “ЗУЛ” төв нээгдэж байгаад дүүрэг, хороодын иргэд талархаж байна. Энэхүү төвийг “Б.Билгүүнзул сан”-гаас нийгмийн зорилтот бүлгийн хүүхдийн эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх зорилгоор нээгээд байна. Гол зорилго нь нийгмийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэх бөгөөд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн, хоол тэжээлийн хомсдолд орсон, боловсролын хоцрогдол тулгарсан хүүхдүүдэд бодит дэмжлэг үзүүлэх юм. Товчхондоо, ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхэд хэн нэгнээс тусламж эрэх, айж ичих, хаашаа хэнд хандахаа мэдэхгүй нөхцөл байдал үүсдэг тохиолдол монголын нийгэмд түгээмэл бий. Тэгвэл тэрхүү гэрэлт зулын гэрлийг хараад, зориод ирэх хэнийг ч уг төвийнхөн хүлээж авах болно хэмээн хэлж байлаа.

Энэ талаар “Б.Билгүүнзул” сангийн Ерөнхий менежер Б.Байгалмаа:

“Б.Билгүүнзул сан” маань 2020 онд Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй өсөж торних, сурч боловсрох, хөгжих, тэгш боломжоор хангах зорилгоор 2020 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм.Энэхүү үүдээ нээж буй “ЗУЛ” төв маань хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр “Б.Билгүүнзул сан”-гийн дэргэдэх нэгэн том төсөл болж хэрэгжээд явна. Уг төвөөрөө дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх зорилтот бүлгийн хүүхдүүдэд хөгжил, хамгаалал, боловсрол, сэтгэлзүйн цогц үйлчилгээг үзүүлэхээр нээлтээ хийгээд байна. Манай хөгжлийн төв 2-18 насны хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлнэ. Мөн нэмэлт хичээл, номын сан, дугуйлан, секцүүдийг хичээллүүлэхээс гадна өдрийн хоёр хоолтой халамжийн үйлчилгээг давхар үзүүлэх болно. Хүүхдүүдтэй ажиллахаас гадна ар гэрийнхэнтэй нь хүүхдүүдийн амьдрах орчин, аюулгүй байдал, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр өрхийн амьжиргаа дэмжих төслүүдийг мөн бусад байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлж ажиллана” гэв.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 3265 хүүхэдтэй бөгөөд “ЗУЛ” төв өдөрт 2-18 насны 100 орчим хүүхэд хүлээн авах боломжтой юм байна.

Хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллага дараах хаягаар холбогдох боломжтой.

“ЗУЛ” төвийн хаяг: СХД, 11-р хороо, Хөтөлийн 3-105 тоот, Утас: 75153303

“Б.БИЛГҮҮНЗУЛ САН” хаяг: Хан Уул дүүрэг, 15-р хороо, REGIS төв, 6 давхар 603 тоот

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн